Ачаалж байна…
Ачаалж байна…
Tuul Batsuuri

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Монгол Улсад 2028-2032 онд хэрэгжүүлэх “НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” баримт бичигт тусгах хөгжлийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлох Үндэсний зөвлөлдөх уулзалт энэ сарын 17-нд болов.
Уулзалтаар ирэх 5 жилд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тогтвортой бөгөөд хүртээмжтэй хөгжлийг хангах арга зам, хурдасгах боломж, үүнд НҮБ-ын оруулах хувь нэмрийг тодорхойлон хэлэлцлээ. Хэлэлцүүлгийг нээж Эдийн засаг, хөгжлийн яамны Дэд сайд С.Даваасүрэн үг хэлэхдээ, Монгол Улсын хувьд ашигт малтмалын нөөц, сэргээгдэх эрчим хүчний боломж, газар зүйн онцгой байршил, харьцангуй залуу хүн ам зэрэг хөгжлийн томоохон боломж, давуу талаа эдийн засгаа төрөлжүүлж, инновац, бүтээмжийг нэмэгдүүлж, хүний хөгжлийг улам дэмжиж, ногоон шилжилтийг хурдасгахад үр дүнтэй ашиглах нь чухал хэмээн тэмдэглэв.
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг хэлсэн үгэндээ 2023-2027 оны “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ”-ний дагуу хэрэгжиж буй хоёр талын хамтын ажиллагаа Монгол Улсыг олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүрэг амлалтаа хэрэгжүүлэх, НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилгуудыг хангахад чухал дэмжлэг болж буйг тэмдэглэсний хамт 2028-2032 оны шинэ хүрээ нь нийгэм, эдийн засгийн хөгжлийн шинэ сорилт, асуудлыг урьдчилан харах, өмнөх баримт бичгийн хэрэгжилтийн үнэлгээнд тулгуурлан анхаарал хандуулах салбарыг тодорхойлох, шинэ хандлага, арга барилыг эрэлхийлэх боломжийг олгоно хэмээв.
НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиерден Монгол Улсын ирээдүйн хөгжлийн амжилтыг зөвхөн эдийн засгийн өсөлтөөр хэмжих бус, баялгийг хүн бүрийн сайн сайхан амьдрал, хөгжин дэвжих боломж болгон хувиргахад чиглүүлэх, үүнд НҮБ-ын зүгээс хэрхэн хувь нэмэр оруулах талаар ирэх 5 жилийн хамтын ажиллагааны хүрээний баримт бичигт тусган тодорхойлно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Үндэсний зөвлөлдөх уулзалт нь НҮБ-аас зохион байгуулсан цуврал хэлэлцүүлгийн төгсгөлийн хэлэлцүүлэг болсон бөгөөд нийт оролцогчид боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, эдийн засгийн өсөлт, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, ногоон шилжилт, засаглал, хариуцлага зэрэг салбарын хөгжлийн тэргүүлэх чиглэлээр тэгш, хүртээмжтэй хөгжлийг хангах асуудлаар санал бодлоо илэрхийлж, зөвлөмж гаргав.
Хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмж нь “2028-2032 оны Монгол Улс ба НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” баримт бичгийг боловсруулах үндэс суурь болох бөгөөд баримт бичгийг 2027 онд Монгол Улсын Засгийн газар, НҮБ эцэслэн хамтран гарын үсэг зурах юм.