Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Өлгий, 2026 оны арваннэгдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Бугат сумын Улаантолгой буюу 2 дугаар багийн оршин суугч Х.Даулетбайн 63 толгой бог малыг баавгай барьжээ. Энэ талаар Бугат сумын ЗДТГ-ын дарга Ө.Харлыбай, аймгийн Байгаль орчны газрын мэргэжилтэн И.Жулдыз нараас тодрууллаа.
"2026 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн өглөөний 10.00 цагт тус сумын 2 дугаар багийн Эмээлт гэдэг газарт өвөлжиж байгаа малчин Б.Айбекийн өвөлжөөний ойр орчмоос баавгай харагдлаа гэсэн дуудлага ирсний дагуу сумаас ажлын баг гаргаж, газар дээр нь очиж ажилласан. Ажлын багт Бугат сумын 2 дугаар багийн Засаг дарга Х.Амиртай, Байгаль орчны хяналтын байцаагч Г.Тилеубек, байгаль хамгаалагч Х.Ердаулет нар багтаж тухайн газарт очиж, баавгайг эрэн хайсан боловч олж илрүүлээгүй бөгөөд тухайн багт өвөлжиж байгаа иргэдтэй уулзаж, арга зүйн зөвлөгөө, сэрэмжлүүлэг өгч, сонор сэрэмжтэй байхыг анхааруулсан.
2026 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 19 цаг 58 минутын үед тус багийн Дарьт гэх газарт өвөлжиж байгаа иргэн Х.Даулетбайн хашаанд баавгай орсон тухай дуудлага мэдээлэл ирсэн. Дуудлагын дагуу аймгийн шуурхай ажлын бүрэлдэхүүнтэй хамтран газар дээр нь очиж ажилласан. Шуурхай багийн бүрэлдэхүүнд аймгийн Цагдаагийн газрын 1 авто машинтай 3 алба хаагч, Онцгой байдлын газрын 1 авто машинтай 3 алба хаагч, Бугат сумын Засаг даргын Тамгын газрын 1 авто машинтай 4 алба хаагч, аймгийн Байгаль орчны газар 1 авто машинтай 2 алба хаагч, 2 анчинтай очиж малчин Х.Даулетбайн хотонд ажиллахад 19 хонь, 44 ямаа буюу нийт 63 толгой бог мал хорогдсон нь тогтоогдсон. Улмаар хашаанаас гарч зугтаж байсан баавгайг 10 дугаар сарын 30-ны өдрийн 21:45 цагт аймгийн Байгаль орчны газрын анчид буудаж аюулгүй болгосон.
Өнөөдрийн байдлаар Бугат сумын Онцгой комисс хуралдаж, Засаг даргын захирамж гаргасан, малчин Х.Даулетбайн хашаанд сумаас гаргасан ажлын баг очиж хорогдсон малыг дахин тоолж, зохих журмын дагуу булж, ариутгал хийхээр шийдвэрлэн бэлтгэл ажлаа хангаад байна. Хуульд гамшигт өртсөн малын нөхөн олговрыг төрөөс олгоно хэмээн зохицуулсан байдаг бөгөөд иргэн Х.Даулетбайн 63 толгой малыг араатан амьтан барьж хороосон тул сумаас нөхөх олговор олгох боломжгүй, харин Бугат сумын удирдлагууд энэ асуудлыг аймгийн Онцгой комисст уламжилж, хэлэлцүүлснээр аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс малчинд тусламж үзүүлэх боломжтой гэж үзэж байгаагаа илэрхийлэв.
Мөн энэ талаар аймгийн Байгаль орчны газрын мэргэжилтэн И.Жулдызаас тодруулахад, “Бугат сумын Улаантолгой багийн Дарьт гэдэг газарт оршин суудаг малчин Х.Даулетбайн хотонд баавгай орж, олон тооны бог мал барьсан тухай дуудлага ирсэн. Үүний дагуу аймгийн Шуурхай багаас мал руу халдсан баавгайг устгах шийдвэр гаргаж, аймгийн Онцгой байдлын болон Цагдаагийн газрын алба хаагчдын хамт манай байгууллагын дөрвөн алба хаагч тухайн газарт очиж ажилласан. Энэ үеэр манай анчин баавгайг буудан аюулгүй болгож, прокурорын хяналт дор устгалд оруулсан. Уг баавгай гурав орчим настай, жижгэвтэр биетэй байсан. Харин том биетэй ийм араатан хот суурин газар, малчны хотонд ойртон ирвэл зөвхөн малд бус, хүнд ч аюул учруулж болзошгүй. Иймд иргэд, малчдыг сонор сэрэмжтэй байж, баавгайтай тааралдсан тохиолдолд ойртохгүй, мэргэжлийн байгууллагад нэн даруй мэдэгдэхийг анхааруулж байна” гэв.
Мөн Өлгий сумын нутаг дахь Бөхөн ууланд баавгай харагдсан, мөр нь үзэгдсэн тухай малчдаас мэдээлэл ирсэн. Үүнтэй холбогдуулан манай байгууллага, аймгийн Онцгой байдлын газар болон Өлгий сумын ЗДТГ хамтран иргэдэд сэрэмжлүүлэг хүргэж, Бөхөн уул болон аймгийн төвийн ойр орчимд хяналт тавин ажиллаж байна” хэмээв.

