Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Өлгий, 2026 оны арваннэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий, Ховд аймгийн 3100 гаруй багш, сурагч оролцсон математикийн олимпиад энэ жил Монгол Улсын гавьяат багш Еркетайн Дөрветханы нэрэмжит болж, Ховд, Баян-Өлгий аймгуудад дөрвөн өдрийн турш зэрэг явагдлаа.
“Фэст академи”-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус олимпиадад Баян-Өлгий аймгаас 1800, Ховд аймгаас 1300 гаруй багш, сурагч оролцжээ. Тэд стандарт, гүнзгийрүүлсэн түвшин, багийн болон багш нарын төрөлд мэдлэг, ур чадвараа сорин өрсөлдсөн байна.
Хоёр аймгийн багш, сурагчдыг хамруулсан энэ удаагийн олимпиад нь сурагчдын математик сэтгэлгээг хөгжүүлэх, сурлагын амжилтыг ахиулах, авьяас чадварыг нээн илрүүлэх, багш нарын мэргэжлийн ур чадварыг дэмжих, боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэжээ.
Олимпиадыг Монгол Улсын гавьяат багш, математикч, сурган хүмүүжүүлэгч Еркетайн Дөрветханы нэрэмжит болгосон нь түүний боловсролын салбарт оруулсан хувь нэмэр, олон жилийн хөдөлмөр зүтгэлийг алдаршуулж, хойч үед нь таниулах зорилготой юм.
Олимпиадын гүнзгий төрлийн 3 дугаар ангиудын дундаас 1 дүгээр байрт Өлгий сумын 4 дүгээр сургуулийн сурагч А.Жигер, 4 дүгээр ангиудын дундаас 1 дүгээр байрт А.Абубакир, 5 дугаар ангиудын дундаас 1 дүгээр байрт Алтай сумын ЕБС-ийн сурагч С.Алтансүх, 6 дугаар ангиудын дундаас 1 дүгээр байрт Өлгий сумын ЕБ-ын Дарын сургуулийн сурагч Б.Байбарыс, 7 дугаар ангиудын дундаас Эмпати сургуулийн сурагч Х.Адилет, 8 дугаар ангиудын дундаас 1 дүгээр байрт Эмпати сургуулийн сурагч Н.Инжу, 9 дүгээр ангиудын дундаас 1 дүгээр байрт Эмпати сургуулийн сурагч С.Муса, 10 дугаар ангиудын дундаас 1 дүгээр байрт Төрөлжсөн ахлах сургуулийн сурагч Т.Амина, 11 дүгээр ангиудын дундаас 1 дүгээр байрт Бастама сургуулийн сурагч Х.Дауирбек, 12 дугаар ангиудын дундаас 1 дүгээр байрт Бастама сургуулийн сурагч Б.Султан нар тус тус шалгарлаа.
Тус олимпиадын багш нарын төрөлд Эмпати сургуулийн бага ангийн багш Е.Ахсауле, Дарын сургуулийн дунд ангийн багш Ө.Ерболати нар тэргүүллээ.
Харин Ховд аймагт зохион байгуулсан Монгол улсын Гавьяат багш Е.Дөрбетханы нэрэмжит математикийн олимпиадын 3 дугаар ангиудын дундаас 1 дүгээр байранд 1 дүгээр сургуулийн сурагч С.Булган, 4 дүгээр ангиудын дундаас 1 дүгээр байрт Прогресс сургуулийн сурагч А.Алтангадас, 5 дугаар ангиудын дундаас 1 дүгээр байрт 1 дүгээр сургуулийн сурагч А.Төгсбаяр, 6 дугаар ангиудын дундаас 1 дүгээр байрт Прогресс сургуулийн сурагч Д.Бүрэнбат, 7 дугаар ангиудын дундаас 1 дүгээр байрт Цаст-Алтай сургуулийн сурагч Т.Балдорж, 8 дугаар ангиудын дундаас 1 дүгээр байрт 7 дугаар сургуулийн сурагч Л.Амартүвшин, 9 дүгээр ангиудын дундаас 1 дүгээр байрт Цаст-Алтай сургуулийн сурагч А.Баасанжав, 10 дугаар ангиудын дундаас 1 дүгээр байрт Цаст-Алтай сургуулийн сурагч Н.Бахатбол, 11 дүгээр ангиудын дундаас 1 дүгээр байрт Цаст-Алтай сургуулийн сурагч Б.Азбаяр, 12 дугаар ангиудын дундаас 1 дүгээр байрт Цаст-Алтай сургуулийн сурагч Г.Нэргүй нар тус тус шалгарсан байна.

Е.Дөрветхан боловсролын салбарт 50 гаруй жил ажиллахдаа багш, сургуулийн удирдлага, боловсролын байгууллагын удирдах албан тушаал хашиж байжээ. Тэрбээр Өлгий сумын нэгдүгээр арван жилийн сургуулийн захирлаар ажлын гараагаа эхэлж, ерөнхий боловсролын хоёрдугаар сургуульд хичээлийн эрхлэгчээр 12 жил ажилласан байна.
Мөн аймгийн Боловсролын хэлтсийн дарга, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга, Өлгий сумын Засаг дарга бөгөөд хотын захирагчийн албыг хашжээ. Түүнчлэн Түрк-Монголын хамтарсан сургууль буюу одоогийн “Эмпати” сургуульд зөвлөх багш, гуравдугаар сургуульд математикийн багш, “Билге-Тег” сургуулийн захирлаар ажиллаж байсан аж.
Түүний боловсролын салбарт оруулсан хувь нэмрийг төр засгаас өндрөөр үнэлж, Боловсролын тэргүүний ажилтан цол, “Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч” тэмдэг, “Алтан гадас” одонгоор шагнажээ. Улмаар 2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын гавьяат багш цол хүртсэн байна.
Е.Дөрветхан боловсролын магистр, Монгол Улсын зөвлөх багшийн зэрэгтэй бөгөөд математикч, сурган хүмүүжүүлэгч, боловсролын салбарын манлайлагчдын нэг байв.
Ийнхүү түүний нэрэмжит олимпиад баруун бүсийн хоёр аймгийн багш, сурагчдыг нэгтгэж, мэдлэг, ур чадвараа сорихын зэрэгцээ боловсролын салбарт олон жил зүтгэсэн эрхэм багшийн үйл хэргийг хойч үед нь таниулсан үйл явдал боллоо.

