Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Өлгий, 2026 оны аравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайдын “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд төрийн үйлчилгээ, бизнесийн орчинд тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, шийдвэрлэх арга замыг хэлэлцэх уулзалт Баян-Өлгий аймагт боллоо.
“YES Mongolia” төрийн бус байгууллагын Шинжлэх ухаан, цахим хөгжлийн хорооны санаачилгаар зохион байгуулж буй уг хэлэлцүүлгийг Монгол Улсын 21 аймагт нэгэн зэрэг өрнүүлэхээр төлөвлөжээ. Хэлэлцүүлгээр төрийн үйлчилгээ болон бизнесийн үйл ажиллагаанд хүндрэл учруулж буй хууль эрх зүй, дүрэм журам, зохион байгуулалтын саад бэрхшээлийг илрүүлж, тэдгээрийг арилгах бодитой санал, шийдэл боловсруулахыг зорьж байна.
Баян-Өлгий аймагт болсон хэлэлцүүлэгт төрийн байгууллага, иргэдийн төлөөлөл, хувийн хэвшил, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллага, хөрөнгө оруулагчид, эрдэм шинжилгээний байгууллага, хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөл оролцож, орон нутагт тулгамдаж буй асуудлаар санал солилцлоо.
Оролцогчид иргэд, бизнес эрхлэгчдэд төрийн үйлчилгээ авах болон бизнес эрхлэхэд тулгардаг хүндрэл, хүнд суртал, хууль, журмын хэрэгжилттэй холбоотой асуудлыг хөндөж, орон нутгийн түвшинд шийдвэрлэх боломжтой саналуудыг нэгтгэн тодорхойлох юм.
Түүнчлэн орон нутгийн эдийн засгийн өсөлтийг дэмжих, иргэдийн хөдөлмөр эрхлэлт, бизнесийн үйл ажиллагааг өргөжүүлэх, орлогоо нэмэгдүүлэх боломж, бизнес эрхлэхэд саад болж буй хүчин зүйлсийг бууруулах талаар хэлэлцэж, хэрэгжүүлэх боломжтой санал санаачилга дэвшүүлэв.
Хэлэлцүүлгээс гарсан саналуудыг тулгамдсан асуудал, түүнийг шийдвэрлэх арга зам, хариуцах байгууллагын түвшин, ач холбогдлоор нь ангилан нэгтгэж, холбогдох байгууллагуудад хүргүүлэх юм. Ингэснээр орон нутгийн иргэд, бизнес эрхлэгчдийн санал бодлогын шийдвэрт тусах, төрийн үйлчилгээний хүртээмж, чанар болон бизнесийн орчныг сайжруулахад чиглэж байна.

