Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Өлгий, 2026 оны арваннэгдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 68 жил ашигласан хуучин төвлөрсөн хогийн цэгийг хааж, нөхөн сэргээх ажил дуусах шатандаа оржээ. Нөхөн сэргээлтийн үр дүнд хог хаягдлын шаталтыг зогсоож, түүнээс үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарлыг 80 гаруй хувиар бууруулсан байна.
Өлгий сумын хуучин хогийн цэг 30.9 га талбайг хамарч, тэнд 300 гаруй мянган шоо метр хог хаягдал хуримтлагджээ. Олон жилийн турш ил задгай хуримтлагдсан хог хаягдал шатаж, утаа гаргах, хөрс болон орчныг бохирдуулах зэргээр байгаль орчин, иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж ирсэн байна.
Энэ асуудлыг шийдвэрлэхээр аймгийн болон Өлгий сумын Засаг даргын Тамгын газраас хуучин хогийн цэгийг хааж, нөхөн сэргээх ажлыг өнгөрсөн хавраас эхлүүлжээ. Ажлын хүрээнд хуримтлагдсан хог хаягдлыг зохих технологийн дагуу дарж булшлах, шаталтыг зогсоох, хөрсийг нөхөн сэргээх, орчны бохирдлыг бууруулах ажлыг үе шаттай гүйцэтгэсэн байна.

Нөхөн сэргээлтийн ажлын явц, үр дүн болон цаашид хэрэгжүүлэх төслийн талаар сумын 6, 9, 10 дугаар багийн иргэдэд мэдээлэл өгөх уулзалт болжээ.
Уулзалтад аймгийн Засаг даргын орлогч К.Бахытжан оролцож, олон жилийн турш тулгамдсан асуудал байсаар ирсэн хуучин хогийн цэгийг хааж, нөхөн сэргээх ажлыг эхлүүлэн, бодит үр дүнд хүрснийг онцоллоо.
Мөн ажлыг гүйцэтгэсэн “Жол” ХХК болон мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлсэн “Урбан Солид Вэйст Менежмент” ХХК-ийн хамт олонд талархал илэрхийлэв.
“Урбан Солид Вэйст Менежмент” ХХК-ийн ахлах зөвлөх Б.Дэлгэрбаяр нөхөн сэргээлтийн ажлын явц, гүйцэтгэл, үр дүнг танилцуулахдаа хог хаягдлын шаталтыг зогсоосноор утаа, хөрс болон орчны бохирдол буурч, хүлэмжийн хийн ялгарал 80 гаруй хувиар багассаныг онцоллоо.
Уулзалтаар мөн Баян-Өлгий аймгийн Бугат сумын нутагт хэрэгжүүлэхээр төлөвлөж буй “Аймгийн төвийн төвлөрсөн хог хаягдлын менежментийг сайжруулах төсөл”-ийн талаар мэдээлэл өгч, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг танилцууллаа.
Төслийн зураг төсөл боловсруулах ажил үргэлжилж байгаа бөгөөд барилга угсралтын ажлыг 2027 оны гуравдугаар сараас эхлүүлэхээр төлөвлөжээ. Төсөл хэрэгжсэнээр аймгийн төвийн хог хаягдлыг зохистой аргаар боловсруулах, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, хог хаягдлын тогтвортой менежментийн тогтолцоог бүрдүүлэх нөхцөл бий болох юм.