Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Баянхонгор, 2026 оны аравдугаар сарын 30 /МОНЦАМЭ. Аймгийн хэмжээнд 2026 оны эхний гурван улирлын байдлаар залилангийн гэмт хэрэг 121 бүртгэгдэж, өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 3 хувиар өсжээ. Тиймээс иргэдийн эрх зүйн мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх, залилангийн гэмт хэрэгт өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх зорилгоор "Бид залилуулахгүй ээ-3" аяныг аймгийн хэмжээнд дахин эхлүүллээ.
Аяныг Баянхонгор аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Хууль, эрх зүйн хэлтэс, Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн газар, Цахим шилжилт үйлчилгээний хэлтэс, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар хамтран аймгийн хэмжээнд зохион байгуулж байна.
Тус аяны хүрээнд иргэдийг цахим болон санхүүгийн залилан мэхлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, эрх зүйн мэдлэг олгох чиглэлээр олон талт ажлуудыг үе шаттай зохион байгуулахаар төлөвлөжээ.
Аяны хүрээнд төрийн албан хаагчид, аж ахуйн нэгж, иргэдэд залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрх зүйн мэдлэг, мэдээлэл хүргэж, цахим орчинд үйлдэгддэг залилангаас хамгаалах зөвлөмж өгнө. Тухайлбал, хуурамч дуудлага, мессеж болон фэйсбүүк хаягаар ирсэн сэжигтэй санал, хүсэлтэд болгоомжтой хандах, хувийн мэдээллээ бусдад задруулахгүй байхыг анхааруулах юм. Түүнчлэн залилангийн шинжтэй дуудлага, мессеж, бусад сэжигтэй тохиолдлыг холбогдох байгууллагад цаг алдалгүй мэдэгдэхийг иргэдэд уриална.