Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Баянхонгор, 2026 оны арваннэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Эхийн гол нь Монгол орны Алтайн цаадах говьд, сүрлэг Сэгс Цагаан Богд уулын ар хормойд оршдог, байгалийн өвөрмөц тогтоцтой алдартай том баянбүрд юм. Засаг захиргааны хувьд Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Эхийн гол багт харьяалагддаг бөгөөд Улаанбаатар хотоос 1100 гаруй км, аймгийн төвөөс 430 км, сумын төвөөс 180 км зайтай.
Говийн Их Дархан Цаазат Газрын А хэсэгт байрлах энэ бүс нь байгалийн төдийгүй экологийн онцгой ач холбогдолтой бөгөөд дэлхийд нэн ховор мазаалай баавгай, хавтгай тэмээ, хулан, зээр зэрэг олон ховор амьтдын амьдрах орчинтой ойр оршдог онцлогтой.
Уур амьсгалын хувьд Эхийн гол нь Монгол орны хамгийн дулаан цэгүүдийн нэг бөгөөд зундаа агаарын хэм +45, хөрсөн дээр +70 хэм хүрч халдаг. Жилийн хур тунадас маш бага (30 орчим мм), өвөлдөө цас бараг унадаггүй дулаахан нутаг юм.
Элсэн цөл дундах уст цэг, үржил шимт хөрсийг түшиглэн 1968 оноос "Жимс хүнсний ногооны үр үржүүлгийн эрдэм шинжилгээний станц"-ыг тухайн бүсэд байгуулж байжээ. 1977 онд байгуулсан хиймэл нуур өнөөдөр бургас, сухай, тоорой модоор хүрээлэгдэн, нүүдлийн шувууд буудалладаг үзэсгэлэнт нуур, ногоон төгөл болсон байдаг.
Говь цөлд ийнхүү амтат гуа, тарвас, улаан лооль, газрын алим, өргөст хэмх, чинжүү зэргийг 50 шахам жил тариалж байна. Монгол оронд ургадаг лидрийн бараг 90 хувь нь энд байдаг гэлцдэг бөгөөд тоорой, сухай, заг, хармаг, зэл зангуу, хулан зээрийн ундаа, маш ховордсон алтан утас, потанины хотир зэрэг эмийн ургамал, бух хорхой мэтийн өөр хаана ч дайралдахгүй шавьжууд үзэгдэнэ.
Эхийн голын домог
Хувилбар 1: Эрт цагт Баянбүрд биш цөлд орших ганц худаг байсан бөгөөд долоон хүүхэдтэй нэгэн эмэгтэй уг худгийг бараадан амь зуудаг байжээ. Гэтэл тэнд хятадын хуйхуу хэмээх дээрэмчид ирж энэ айлыг хүйс тэмтрэн сүйтгэж, амин зуулга болсон хэдэн малыг нь цөлбөн авч явсны дараа хүүхдүүдийнх нь тоогоор Нүдэн булаг, Наран булаг, Дүржигнүүр булаг, Морьтбулаг, Ар булаг, Их булаг, Тоонолжин хэмээх долоон булаг оргилон гарч том баянбүрд болсон домогтой. Энэ явдлаас хойш "Ээжийн гол" хэмээн нутгийн ард нэршсэн бөгөөд он цагийн уртад Эхийн гол хэмээн нэршжээ.
Хувилбар 2: Эрт цагт эндхийн баянбүрдэд хэдэн малтай нэгэн эмгэн нутагладаг байсан бөгөөд хол газрын аялагч, жуулчинг сайхан цай, амтат идээгээр дайлдаг байсан тул Эхийн гол хэмээн нэрлэсэн байна.
Ташрамд, Баянбүрд гэдэг нь говь, цөлийн бүсэд газрын доорх ус буюу шанд, булаг эх газрын гадаргууд нэвтэрч гарч ирсний улмаас мод, бут сөөг, зэгс, шагшуурга шигүү ургаж, амьтан ургамал төвлөрсөн, байгалийн өвөрмөц тогтоц бүхий хуурай газрын ногоон төгөл, уст цэгийг хэлдэг.
