Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Баянхонгор, 2026 оны арваннэгдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн зудын урьдчилсан төлөвийн зургаар 11 дүгээр сард аймгийн нийт нутгийн ихэнх хэсэгт бэлчээрийн хүндрэл үүсэх төлөв гарчээ.
Тодруулбал, нийт нутгийн 7.3 хувьд нэн их, 18.1 хувьд их, 60.3 хувьд дунд, 13.2 хувьд бага, 1.1 хувьд хүндрэлгүй байхаар урьдчилсан төлөв гарсан байна.
Мал өвөлжилтийн байдлын тухайд Баянцагаан, Баацагаан, Галуут, Байдраг, Баянбулаг, Эрдэнэцогт, Өлзийт, Баян-Овоо, Заг, Бөмбөгөр сумын ихэнх багуудад зудын эрсдэл нэн их ба их байх төлөвтэй байгааг УЦУОШГ-аас мэдээлэв.
Цаг үеийн нөхцөлтэй холбогдуулан мал өвөлжилт хүндэрч буй болон хүндэрч болзошгүй бүс нутгуудад онцгойлон анхаарч цаг уурын байгууллагаас гаргадаг богино, дунд, урт хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээ болон тухай бүр шинэчлэн гаргах зудын урьдчилсан төлөвийн мэдээг тогтмол авч ашиглах, цагийн байдал хүндэрсэн үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний урьдчилсан бэлтгэлийг бүрэн хангаж ажиллахыг мэргэжлийн байгууллага зөвлөлөө.
Цаашид мал өвөлжилтийн байдал хүндрэх тухай бүр цаг агаарын бодит нөхцөл болон нарийвчлан боловсруулсан урьдчилсан мэдээгээр уг үнэлгээг тухай бүр шинэчлэн мэдээлэх юм.