Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Баянхонгор, 2026 оны аравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймаг дахь Политехник коллежийн багш, мэргэжилтнүүд Техник технологийн политехник коллежид хэрэгжүүлж буй олон улсын “Pearson BTEC Level 3” хөтөлбөрийн хэрэгжилт, сургалтын арга барилтай танилцах уулзалтад оролцлоо.
Уулзалтад Техник технологийн политехник коллежийн захирлын ажлын албаны дарга О.Чинбат, Сургалт, оюутны албаны дарга Ж.Хүрэлбаатар, Pearson BTEC төвийн менежер Т.Нармандах нарын зэрэг албаныхан, багш нарын төлөөлөл оролцов. Баянхонгор аймгийн Политехник коллежийг төлөөлөн техникийн боловсролын арга зүйч Н.Ганхүү, мэдээлэл зүйн багш Т.Дагвадорж, Ц.Цэрэнмаа, Ч.Золбоо, англи хэлний багш Г.Бямбаа нар оролцож, хөтөлбөрийн талаар санал солилцсон байна.
Уулзалтын үеэр Pearson BTEC төвийн үйл ажиллагаа, хөтөлбөрийн онцлог, сургалтын орчин, анги танхимын зохион байгуулалттай танилцаж, сургалтын хөтөлбөрийн уялдаа холбоог сайжруулах, сургууль хооронд шатлан суралцах боломжийг нэмэгдүүлэх талаар ярилцав. Мөн багш, ажилтны мэргэжлийн хөгжлийг дэмжих, багш нарыг магистрын болон багшлах эрхийн сургалтад хамруулах чиглэлээр хамтран ажиллах боломжийг хэлэлцжээ.
“Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050” болон Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт мэдээллийн технологийг хөгжлийн тэргүүлэх чиглэлийн нэгээр тодорхойлж, “Цахим үндэстэн” болох зорилт дэвшүүлсэн.
Энэхүү зорилтын хүрээнд мэдээллийн технологийн салбарын хүний нөөцийн хэрэгцээг хангах зорилгоор олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Pearson BTEC International IT Level 3” хөтөлбөрийг Монголын зарим Политехник коллежид хэрэгжүүлж байна.
Тус хөтөлбөрийг 71 улсын Засгийн газар, мэргэжлийн холбоод, ажил олгогчид болон 300 гаруй их, дээд сургууль хүлээн зөвшөөрдөг бөгөөд төгсөгчид гадаадын их, дээд сургуульд үргэлжлүүлэн суралцах, эзэмшсэн мэргэжлээрээ ажиллах боломжтойгоороо онцлог юм.