Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Баянхонгор, 2026 оны аравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нар орон нутгийн иргэдэд үзлэг, оношилгоо, шинжилгээ хийж байна.
Үзлэг оношилгоог "Эрдэнэ Монгол" ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгтэй хамтран Баян-Өндөр суманд хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа юм.
Аймгийн төвөөс зайдуу оршдог тус суманд иргэдийн эрүүл мэндийг дэмжих, өвчлөлийг эрт илрүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой үзлэгийг хүүхэд болон ахмад настны гэсэн хоёр үндсэн ангиллаар зохион байгуулж байна. Тодруулбал, 0-18 насны хүүхдүүдийг мэдрэл, мэс засал, чих хамар хоолой, нүдний эмчийн үзлэгт хамруулж, витамин D-гийн шинжилгээ авч байгаа бол 50-иас дээш насны иргэдийг дотор, зүрх судас, хавдрын чиглэлийн үзлэг болон хэвлийн хэт авиан шинжилгээнд хамруулж, болзошгүй эрсдэл, өвчлөлийг эрт илрүүлж оношлоход анхаарч буй.
Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг орон нутагт зохион байгуулснаар иргэд нарийн мэргэжлийн эмчийн тусламж, үйлчилгээг сумандаа авах боломж бүрдэж, эрүүл мэнддээ анхаарах өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, хандлагыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Сонирхуулахад, Баян-Өндөр сум нь Алтайн цаад говь, Идрэнгийн нурууны уудам бүсэд оршдог бөгөөд нутаг дэвсгэрийнхээ хэмжээгээр Баянхонгор аймагтаа нэгдүгээрт жагсдаг, говь хээрийн ховор экосистем болон уламжлалт мал аж ахуйн баялаг уламжлалтай ууган сумдын нэг юм. Аймгийн төв нь Баянхонгор хотоос баруун урагш 270 гаруй км, нийслэл Улаанбаатар хотоос 900 орчим км зайд оршдог бөгөөд эх газрын эрс тэс, говийн халуун, хуурай уур амьсгалтай. Жилийн хур тунадас маш бага унадаг, өвөлдөө цас багатай боловч хүйтэн жавартай, зундаа нэлээд халж, шороон шуурга олонтоо тохиолддог онцлогтой.