Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Баянхонгор, 2026 оны арваннэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Байдрагийн 30 МВт-ын усан цахилгаан станцын (УЦС) төслийн сонгон шалгаруулалтад есөн аж ахуйн нэгж оролцох хүсэлтээ ирүүлжээ.
Эдийн засаг, хөгжлийн яамнаас зарласан сонгон шалгаруулалтын нөхцөлийн дагуу хувийн хэвшлийн түншлэгч нь төслийн зураг төсөл боловсруулах, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийх, барьж байгуулах, ашиглах, улмаар төрд шилжүүлэх үүрэг хүлээх бөгөөд төслийн ашиглалтын хугацааг 25 жилээр төлөвлөсөн байна.
Байдрагийн УЦС-ыг Баянхонгор аймгийн Бөмбөгөр, Бууцагаан сумдын заагт, Сүүдэртийн хясаа орчимд барихаар төлөвлөсөн бөгөөд төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн хүрээнд хэрэгжүүлэх анхны эрчим хүчний төсөл болж буй.
Нийт 53.3 сая ам.долларын төсөвт өртөгтэй уг станцын барилга угсралтын ажлыг 53 сарын хугацаанд гүйцэтгэнэ. Станцын суурилагдсан хүчин чадал 30 МВт, жилд 58.9 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх тооцоотой. Төсөл хэрэгжсэнээр Булган аймгаас Баянхонгор аймаг хүртэлх 600 км орчим урттай 110 кВт-ын цахилгаан дамжуулах шугамын эрчим хүчний алдагдлыг жилд 17.8 сая кВт.цагаар буюу 2.5 тэрбум төгрөгөөр бууруулах боломжтой гэж тооцоолсон байна.
Усан цахилгаан станцтай болсноор Баянхонгор аймаг усны сэргээгдэх, хямд эрчим хүчээр тасралтгүй, найдвартай хангагдах боломжтой болохоос гадна усалгаатай газар тариалан хөгжих боломж бүрдэнэ. Мөн Байдраг гол болон Бөөнцагаан нуурын экологийн тулгамдсан асуудлууд шийдэгдэх чухал ач холбогдолтой төсөл юм. Усны нөөц сэргээгдэхийн бас нэгэн давуу тал загас жараахай элбэгшиж, хиймэл нууруудыг түшиглэсэн аялал жуулчлал хөгжих давуу талтай.
Ташрамд, Байдраг гол Хангайн өмнөд уулсын нарийхан хавцал дундуур урсдаг Баянхонгор аймгийн томоохон гол юм. Хөндийн хажуу эгц, хад асга ихтэйн дээр хээр, говийн тачир ургамалтай. Энэ хэсэгт гол нэг голдирлоор урсах бөгөөд голдирлын өргөн 20-40 метр, зонхилох гүн 0.3-1.5 метр, урсгалын хурд 1-1.5 м/с хүрдэг. Голын нийт урт нь Бөөнцагаан хүртэл 295 км, Адгийн цагаан нуур хүртэл 310 км урсана. Байдраг голын эхэнд баруун гар талаас Загийн гол (80 км), зүүн гар талаас Өлзийтийн гол (135 км) зэрэг 99 гол горхи цутгадгаараа онцлог.