Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

СӨҮЛ, 2026 оны арваннэгдүгээр сарын 3 /Yonhap/. Өмнөд Солонгосын алдарт BTS хамтлаг Латин Америкт аялан тоглохдоо 14 удаа тайзнаа гарч, 853 мянга орчим үзэгч цуглуулж, бүх тоглолтынх нь тасалбар бүгд зарагдсан тухай тус хамтлагийн харьяалагддаг "Big Hit Music" агентлаг мэдээлжээ.
BTS-ийн Латин Америк дахь аялан тоглолт өнгөрсөн сард Колумбын Богота хотоос эхэлж, Перугийн Лима, Чилийн Сантьяго, Аргентины Буэнос-Айрес, Бразилын Сан-Пауло хотуудад үргэлжилсэн байна.
Хамтлагийн гишүүд бүс нутгийн шүтэн бишрэгчдийнх нь халуун дотно дэмжлэг “сэтгэлийг нь ихэд хөдөлгөсөн” гэдгийг илэрхийлж, тун удахгүй дахин ирэхийг хүсэж байгаагаа хэлжээ. Тэд энэхүү аялан тоглолтыг амьдралынхаа хамгийн аз жаргалтай дурсамжуудын нэг хэмээн тодорхойлсон байна.
Энэ удаагийн аялан тоглолтын үеэр BTS Колумб, Буэнос-Айрес хотод анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглосон бол хамтлаг байгуулагдсанаас хойш Перугийн Лима хотод анх удаа тоглолтоо хийжээ. Түүнчлэн Чилийн Сантьяго хотод есөн жилийн дараа, Бразилын Сан-Пауло хотод долоон жилийн дараа уран бүтээлээ толилууллаа.
BTS хамтлаг дэлхийг тойрох аялан тоглолтынхоо хүрээнд дараагийн тоглолтоо энэ сарын 19-нд Тайванийн өмнөд нутгийн Гаошюн хотод хийх бөгөөд үүний дараа Бангкок, Куала-Лумпур, Жакарта, Сидней зэрэг хотод тоглохоор төлөвлөжээ.
