Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Булган, 2026 оны арваннэгдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Жил бүрийн 12 дугаар сарын 3-нд тохиодог Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг угтан Булган аймагт “Тэгш боломж-Тэгш оролцоо-Хүртээмжтэй орчин” уриатай сарын аян эхэллээ. Аяны нээлтийн үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэдний асран хамгаалагчдын санал хүсэлтийг сонсох уулзалт зохион байгууллаа.
Уулзалтад УИХ-ын гишүүн Ж.Баясгалан, Булган аймгийн ИТХ-ын дарга Д.Мэндсайхан, аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Н.Батжаргал болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэдний асран хамгаалагчид оролцов.
Тус аймагт 2401 хөгжлийн бэрхшээлтэй иргэн амьдарч байгаа нь нийт хүн амын 2.9-3.9 хувийг эзэлж байна. Эдгээр иргэний 25.5 хувь нь аймгийн төв Булган суманд оршин суудаг бол 18 хувь нь төрийн байгууллага, жижиг, дунд үйлдвэрлэл, мал аж ахуй, гар урлал, үйлчилгээний салбарт хөдөлмөр эрхэлдэг аж.
Хөгжлийн бэрхшээлийн төрлөөр авч үзвэл оюуны болон сэтгэц, мэдрэлийн өөрчлөлттэй иргэд 40.7 хувийг, харааны бэрхшээлтэй иргэд 17.4 хувийг тус тус эзэлж байна.
Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн Ж.Баясгалан хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон тэдний асран хамгаалагчдад чиглэсэн төрийн бодлого, эрх зүйн орчныг сайжруулах талаар танилцуулж, оролцогчдын санал хүсэлтийг сонсов.

Орон нутгийн удирдлагууд төрийн байгууллагын барилгыг лифт, налуу замтай болгож, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг үйлчилгээгээ саадгүй авах боломж бүрдүүлэх шаардлагатайг онцоллоо. Мөн хүртээмжтэй орчин бүрдүүлэх нь тансаг хэрэглээ биш, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үндсэн эрх гэдгийг тэмдэглэв.
Сарын аяны нээлтийн үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд эрүүл мэндийн нарийвчилсан үзлэг, оношилгоо хийж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулжээ. Түүнчлэн тусгай хэрэгцээт хүүхдүүд болон тэдний асран хамгаалагчдын урласан бараа, бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг дэлгэсэн байна.
Энэхүү сарын аян нь тусгай хэрэгцээт иргэдийн нийгмийн оролцоог бодитоор дэмжих, тэдний хөдөлмөр эрхлэлтийн 18 хувийг ахиулах, саадгүй орчныг бүрдүүлэхэд чухал түлхэц болно гэдгийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас онцоллоо.