Ачаалж байна…
Ачаалж байна…
Montsame News Agency

НЬЮ-ЙОРК, 2026 оны арванэгдүгээр сарын 15 /TASS/. АНУ-ын сансрын “SpaceX” компани “Starship” сансрын хөлгийг Техас муж улс дахь “Starbase” баазын “Mechazilla” тусгай тавцанд буух үед нь анх удаа амжилттай барьж авчээ. Энэ үйл явдлыг тус компани “X” нийгмийн сүлжээн дэх хуудсаараа шууд дамжуулсан байна.
“Mechazilla Starship-ийг барьж авлаа” гэж шууд дамжуулалтын хөтлөгч мэдээлжээ. “Starship” хөлгийн туршилтын нислэг 22.5 цаг орчим үргэлжилсэн байна. Энэ хугацаанд уг хөлөг “Starlink V3” загварын 26 хиймэл дагуулыг тойрог замд гаргаж, дэлхийг 14 удаа тойрчээ.
Өмнө нь “SpaceX” компани зөвхөн “Super Heavy” зөөгч пуужингийн эхний угсрааг буцаан газардуулж, “Starship” хөлгийг далайд буулгадаг байв. Харин 15 дахь туршилтын нислэгээр "Starship"-ийн сансрын системийн хоёр угсраа хэсгийг хоёуланг нь “Mechazilla” тавцан дээр буцаан буулгахаар төлөвлөж байсан хэдий ч техникийн доголдлын улмаас төлөвлөгөөгөө өөрчилжээ. "Starship"-ийг хөөргөснөөс хойш 10 хүрэхгүй минутын дараа доод хурдасгуур Мексикийн буланд усанд буух үедээ дэлбэрсэн байна.
“SpaceX” компанийг үүсгэн байгуулагч Илон Маск тайлбарлахдаа, сансрын баазын дэд бүтцийг эрсдэлд оруулахгүйн тулд ийм шийдвэр гаргасан гэжээ. “Шинэ хурдасгуур бараг бэлэн болсон. Харин хөөргөх цамхаг эсвэл хөөргөх төхөөрөмжөө алдсан тохиолдолд ажил хоёр, гурван сараар хойшлох эрсдэлтэй байсан” гэж тэрбээр “X” хуудсандаа бичжээ.
“SpaceX” компани “Starship” хөлгийг цаашид “Starlink”-ийн хиймэл дагуулуудыг хөөргөхөд ашиглахаас гадна ирээдүйд НАСА-гийн Сар луу хийх нислэгүүдэд оролцуулахаар төлөвлөж байна. Тус компани “Starship” хөлгийг сансрын салбарт урьд өмнө байгаагүй олон давтамжаар буюу жилд хэдэн зуу, цаашлаад хэдэн мянган удаа хөөргөх зорилт тавьж байгааг И.Маск өмнө нь мэдэгдэж байв.