Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

АНТАЛЬЯ, 2026 оны арваннэгдүгээр сарын 12 /Reuters/. Турк улсад болж буй Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь конвенцод нэгдсэн Талуудын 31 дүгээр бага хуралд /COP31/ оролцсон удирдагчид уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийн ач холбогдлыг шинэ өнцгөөс тайлбарлалаа. Өнөөгийн нөхцөл байдалтай нийцэж буй уг өнцөг нь эдийн засгийг бэхжүүлэх, амьжиргааны зардлыг бууруулахад тус дөхөм болно гэж удирдагчид үзэж байна.
НҮБ-ын жил тутмын энэхүү бага хурлын танхим, нэгдсэн хуралдааны индрээс байнга сонсогддог энэхүү санаа нь дэлхийн дулааралтай тэмцэх асуудлыг засгийн газруудын анхаарлын төвд хэвээр байлгах гэсэн зохион байгуулагчдын хүчин чармайлтыг илэрхийлж байна. Учир нь олон улсын хямрал, сорилтуудын улмаас уур амьсгалын асуудал улс орнуудын тэргүүлэх зорилтуудын жагсаалтад хойш тавигдах болоод байгаа билээ.
Эдгээр хямралын нэг бол Ираны дайн эхэлснээс хойш Ойрх Дорнодоос түүхий нефтийн нийлүүлэлт тасалдсаны улмаас инфляц хурдацтай өссөн явдал юм. Шатахуунаас эхлээд хүнсний бүтээгдэхүүн хүртэлх өргөн хэрэглээний барааны үнэ өссөн нь АНУ-ын завсрын сонгуулиар Ардчилсан намынхан Конгресст хяналтаа тогтооход нөлөөлсөн гол хүчин зүйлсийн нэг болсон юм. Мөн Европ, Ази болон бусад бүс нутгийн удирдагчдын хувьд энэ нь улс төрийн эмзэг асуудал болоод байна.
“Дэлхийн хүн амын дөрөвний гурав нь чулуужсан түлш импортолдог улс орнуудад амьдарч байна. Тэд өөрсдийн бий болгоогүй, хянах боломжгүй үнийн огцом хэлбэлзэлд өртөж байна” гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш лхагва гарагт дээд хэмжээний уулзалтад оролцож буй дэлхийн удирдагчдад хандан хэлжээ.
“Сүүлийн үеийн мөргөлдөөнүүд үүнээс үүдэн аюулгүй байдал байнга алдагдаж, иргэдийн амьжиргааны өртөг хяналтаас гарах эрсдэлтэйг харуулж байна” гэж тэрбээр дурдаад, үүнийг шийдвэрлэх тодорхой арга зам нь сэргээгдэх эрчим хүчний хэрэглээнд шилжих явдал гэдгийг онцолжээ.
НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал эрхэлсэн газрын дарга Саймон Стилл мөн ийм байр суурь илэрхийлжээ. “Өнөөдөр дэлхийн эрчим хүчний зах зээлийн тогтворгүй байдал болон уур амьсгалын гамшигт үзэгдлүүд инфляцыг улам хөөрөгдөж, засгийн газруудын төсөвт дарамт учруулж, өрхийн зардлыг нэмэгдүүлэн, иргэдийн амьжиргааны түвшнийг бууруулж байна” гэж тэрбээр бага хуралд хэлсэн байна.
“Чулуужсан түлшнээс хамааралтай байхын улс төрийн өртөг маш өндөр. Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх арга хэмжээ нь энэ дарамтыг бууруулахад тус дөхөм болно” гэж тэрбээр онцолжээ.
Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлээр олон арван жил ажиллаж буй АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Жон Керри энэ асуудлыг өөр өнцгөөс харж, шинэ өнцөг баримталж байгааг сайшаалаа.
Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт улс төрд ихээхэн маргаан дагуулсан сэдэв болоод байна. Үүний нэг жишээ бол
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн түүхэн дэх хамгийн их хүлэмжийн хий ялгаруулдаг тус улсыг өнгөрсөн онд уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх олон улсын хамтын ажиллагаанаас гаргасан юм. Тэрбээр дэлхийн дулаарлыг "хуурамч үзэгдэл" хэмээн мэдэгдэж байв.
“Уур амьсгалын асуудлаар ажиллаж буй хүн бүр энэ тухай ярих арга барилаа өөрчлөх хэрэгтэй гэж бодож байна” гэж Ж.Керри дээд хэмжээний уулзалтын үеэр сэтгүүлчдэд мэдэгджээ.
“Аюулгүй байдал, эрүүл мэнд, ажлын байр, иргэдийн амьдралын тогтвортой байдал, хүнсний хангамж зэрэг асуудал нь бүгд бодитой бөгөөд хүмүүстэй ярилцахад тэдний санааг хамгийн их зовоож буй зүйлс гэдэг нь харагддаг” гэж тэрбээр хэлсэн байна.
Үүний зэрэгцээ COP31-ийн илтгэгчид уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх арга хэмжээ авах гол хөшүүрэг нь дэлхийн дулаарал хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй бөгөөд аюултай гэдгийг нотолсон шинжлэх ухааны хөдөлбөргүй баримтад тулгуурлах ёстой гэдэгтэй санал нэгдэж байв.
“Шинжлэх ухааны нотолгоог улс төрийн бодит үйл хэрэг болгох, шийдвэр гаргахдаа улс төрийн ашиг сонирхлоор бус, баримтад тулгуурлан гаргах нь бидний үүрэг юм" гэж Словенийн Ерөнхийлөгч Наташа Пирц Мусар лхагва гарагт болсон удирдагчдын уулзалтын үеэр хэлжээ.
Харин Европын Холбооны эрчим хүчний асуудал эрхэлсэн комиссар Дан Йоргенсен хэлэхдээ, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахын бусад үр өгөөжийг онцлох нь уур амьсгалын өөрчлөлтөд эргэлздэг уур амьсгалын өөрчлөлтөд эргэлздэг хүмүүсийг хүртэл нэгтгэж, нэгдсэн ойлголцолд хүрэхэд тус дөхөм болно гэж онцолсон байна.
“Уур амьсгалын өөрчлөгдөж байгаад итгэдэггүй байсан ч (би бол мэдээж итгэдэг) чулуужсан түлшнээс хараат байдлаас гарах нь аюулгүй байдлын үүднээс маш ухаалаг алхам гэдэгтэй бид санал нэгдэх ёстой” гэж тэрбээр хэлжээ.