Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. УДЭТ-ын 95 жилийн ой, их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ой тохиож буй энэ жил Монголын утга зохиолын сод төлөөлөгчийн амьдрал, уран бүтээлээс сэдэвлэсэн “Жаргаагүй нар” жүжиг өчигдрөөс үзэгчдийн хүртээл боллоо.
Их зохиолчийн тухай өгүүлэх бодит туурвилын анхны жүжиг гэдгээрээ онцлог энэхүү бүтээл нь шинэ цагийн Монголын утга зохиолыг үндэслэгч, соён гэгээрүүлэгч, төр нийгмийн зүтгэлтэн Д.Нацагдоржийн амьдралын замнал, уран бүтээлийн ертөнцийг тайзнаа амилуулж буй юм.
УДЭТ 60 жилийн өмнө их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит болсон түүхтэй. Түүний нэрийг тээж явахын утга учир нь зөвхөн нэр алдрыг нь мөнхлөхөд бус, монгол хэл, утга зохиолын хөгжилд оруулсан үнэт өвийг нь өвлөн уламжилж, хамгаалан хөгжүүлэхэд оршиж буйг уран бүтээлчид онцоллоо. Тэр дундаа монгол хэлний дархлааг бэхжүүлж, хэл найруулгын яруу тансаг өвийг хойч үедээ өвлүүлэн үлдээх нь театрын уран бүтээлчдийн эрхэм зорилгын нэг гэдгийг тодотгов.
Жүжгийн нээлтийн үеэр УДЭТ-ын захирал Н.Наранбаатар ярихдаа, “Монгол Улсын Засгийн газраас их зохиолчийн мэндэлсний 120
жилийн ойг улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх тухай тогтоол гаргасан. Энэхүү
тогтоолын хүрээнд Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазарын
зохиол, УДЭТ-ын ерөнхий найруулагч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Түвшингийн
найруулсан “Жаргаагүй нар” жүжгээ үзэгчдийн хүртээл болгоод байна. Уг
бүтээлээрээ их зохиолчийн амьдрал, уран бүтээл, туулж өнгөрүүлсэн цаг үеийг
тайзнаа амилуулахыг зорьсон. Их зохиолчийн шүлэг бүтээлүүдийг нь эргэн харахад
түүний уран бүтээлчийн зөн билэг, сэтгэлгээний цар хүрээ үнэхээр гайхалтай
байсныг мэдэрч болно. “Миний нутаг” шүлгээрээ эх орон, газар нутгаа мөнхөд
хайрлан дээдлэх үзлийг илэрхийлсэн байдаг. Мөн “Од” шүлэгтээ тухайн цаг
үед одон орон судлал төдийлөн хөгжөөгүй, Ангараг гарагт хүн амьдрах боломжтой
талаар хэн ч төсөөлөөгүй байхад ирээдүйд хүн төрөлхтөн сансар огторгуйг судалж,
бусад гараг ертөнцийн талаар мэдлэгээ тэлэх боломжтойг яруу найрагчийнхаа зөн
билгээр урьдчилан мэдэрч, дүрслэн бичсэн байдаг. Түүний бүтээлүүдээс харахад Д.Нацагдорж бол үнэхээр онцгой авьяас, содон сэтгэлгээтэй гайхамшигт уран бүтээлч
байжээ гэдгийг ойлгож болно. Энэ удаагийн бүтээлээрээ их зохиолчийнхоо
богинохон боловч утга учир, тэмцэл, сорилтоор дүүрэн амьдралыг үзэгчдэд
хүргэхийг зорьсон. Тэрбээр ердөө 31 насалсан ч тухайн цаг үеийн нийгмийн хүнд
хэцүү нөхцөл байдал, их хэлмэгдүүлэлтийн хар сүүдэрт өртөж, амьдралынхаа олон
сорилттой нүүр тулсан хүн. Гэвч энэ бүхний цаана өөрийн суу билиг, авьяас
чадвараар монголын утга зохиолд үнэлж баршгүй өв үлдээж чадсан их хүмүүн” гэв.
УДЭТ-ын ерөнхий найруулагч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Түвшин, “Энэхүү жүжгийн зохиолыг Төрийн соёрхолт, Соёлын
гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар гуай бичиж, бидэнд тайзны бүтээл болгон амилуулах
сайхан боломж олгосон юм. Өнөөдөр Гүрээ ахыгаа дурсахад уран бүтээлч хүний зөн
билэг гэдэг бүтээлдээ шингэж үлддэг гэдгийг улам ойлгож байна.
Тухайлбал, Гүрээ ах Цэвээн багшийн дүрээр дамжуулан “Би арван жилийн дараа
хаана байхаа мэдэж байна” хэмээн хэлүүлсэн байдаг. Энэ үг өнөөдөр ч жүжгийн
агуулга, үйл явдалтай нягт уялдаж байгаа юм.
Нөгөө талаас, их зохиолч Нацагдорж бол Монголын алтан ургийн тайж
гаралтай, бага наснаасаа гэрийн болон дэлхийн боловсрол эзэмшсэн язгуурын
сэхээтэн хүн. Тэрбээр Монголын уран зохиолын бүхий л төрөл зүйлээр бүтээл
туурвиж, орчуулгын олон бүтээл хийсэн. Орчин үеийн Монголын уран зохиолын үндэс
суурийг тавилцсан гэдгийг судлаач, шүүмжлэгчид хүлээн зөвшөөрдөг. Тиймээс
“Жаргаагүй нар” жүжгээрээ бид их зохиолчийн амьдралын хувь заяа, туулсан замнал
нь жаргалтай байгаагүй ч түүний үзэл санаа, зохиол бүтээл нь өнөөдөр ч гэрэлтэн
түгсээр байгааг илэрхийлэхийг зорьж байна. Өөрөөр хэлбэл, их зохиолчийн амьдрал
жаргаагүй ч түүний бүтээсэн оюун санааны нар хэзээ ч жаргаагүй гэдгийг үзэгчдэд
хүргэхийг хүссэн” хэмээв.
Жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Б.Шинэбаяр, “2016 онд анх “Жаргаагүй нар” жүжгийн Нацагдоржийн дүр дээр
ажиллаж байсан бол арван жилийн дараа дахин энэ дүрээ бүтээх хувь тохиож
байгаад баяртай байна. Бидний сайн мэдэх, хайрлаж хүндэтгэдэг, зүрх сэтгэлд хоногшсон
эрхэм уран бүтээлчийн дүрийг тайзнаа амилуулж, үзэгч түмэндээ хүргэнэ гэдэг
уран бүтээлч хүний хувьд нэр төрийн хэрэг төдийгүй асар их хариуцлага юм.
Түүхэн хүний дүр дээр ажиллахад тухайн цаг үе, амьдралын нөхцөл байдалд нь
өөрийгөө бүрэн аваачиж, дүрийнхээ мөн чанарыг ойлгох шаардлагатай. Энэ дүрийг
бүтээхэд юуны өмнө тухайн хүний мөн чанар, үзэл санааг гажуудуулахгүйгээр
гаргах нь чухал. Бид Нацагдорж хэмээх хүнийг уран бүтээлээр нь дамжуулан таньж,
хайрлаж, хүндэтгэж ирсэн. Тиймээс түүний амьдралын таван жилийн хугацааг
тайзнаа харуулахдаа зөвхөн туулсан зовлон бэрхшээлийг нь бус, юунд тэмүүлж,
юуны төлөө тэмцэж явсан, зүрх сэтгэлдээ юуг тээж, ямар үзэл санааг эрхэмлэж
байсныг нь илүү харуулах зорьсон. Иймээс арван жилийн дараа дахин энэ дүр дээр
ажиллахдаа өмнөхөөсөө өөр өнцгөөр харж, өнөө цагийн залуу үе болон хойч үеийн
үзэгчдэд Нацагдоржийн амьдрал, уран бүтээлийн үнэ цэнийг шинээр ойлгуулахыг
хүссэн. Тэрбээр амьдралынхаа хүнд хэцүү бүхнийг даван туулж, бие сэтгэлээ
чилээн байж, өөрийн уран бүтээлийн төлөө бүхнээ зориулсан хүн гэдгийг үзэгчдэд
хүргэхийг зорьж байна” хэмээн ярилаа.
Мөн үзэгчдийн жүжгийн агуулгыг илүү гүнзгий ойлгох, их зохиолчийн амьдрал, уран бүтээлтэй ойр дотно танилцах боломжийг бүрдүүлэх зорилгоор театрын дээд давхарт Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээлийг харуулсан үзэсгэлэн дэлгэжээ. Тус үзэсгэлэнд их зохиолчийн хэрэглэж байсан эд зүйлс, амьдрал ахуйтай нь холбоотой дурсгалт зүйлсийг багтаасан байна. Түүнчлэн түүний бага нас, Германд суралцаж байсан үе, амьдралынх нь онцлох үйл явдлыг харуулсан гэрэл зураг, танилцуулга мэдээллийн самбар байршуулжээ. Мөн Монгол Улсын Үндэсний номын сантай хамтран театрын нэгдүгээр давхрын үзэгчдийн хэсэгт Д.Нацагдоржийн зохиол бүтээл, түүний тухай судалгаа шинжилгээний болон арга зүйн ном, хэвлэлүүдийг дэлгэн толилуулж байна.

















Гэрэл зургуудыг Г.Мөнх-Од