Ачаалж байна…
Ачаалж байна…
Montsame News Agency

Баруун-Урт, 2026 оны арваннэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбоо /СДМЭХ/-ноос “Бүтээлч өсөлт–2026” чуулганыг 21 аймагт бүсчлэн зохион байгуулж, эмэгтэйчүүдийн дуу хоолойг сонсох, тэдэнд тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, шийдвэрлэх санал, санаачилгыг төрийн бодлогод тусгуулахыг зорьж байна. Энэ хүрээнд Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зүүн бүсийн чуулганыг Сүхбаатар аймагт зохион байгууллаа.
Чуулганд СДМЭХ-ны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа, УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн, Л.Соронзонболд нар оролцож, төрийн худалдан авах ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулж, эмэгтэй бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлыг сонсохын зэрэгцээ бүс нутгийн бизнесийн хөгжлийн боломжийг хэлэлцэж, тэдний санал, санаачилгыг төрийн бодлого, шийдвэр гаргах түвшинд хүргэхийг зорьж буй юм.
Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн 80 орчим хувийг эмэгтэйчүүд бүрдүүлдэг бөгөөд өрхийн үйлдвэрлэл, гарааны бизнесийн голлох хэсгийг эрхэлж байна. Түүнчлэн өрхийн орлогоо нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох, орон нутгийн эдийн засгийг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэсээр байна.
Төрийн худалдан авах ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж буй энэ үед орон нутгийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн санал, хүсэлтийг сонсож байгаа нь онцлог юм. Уулзалт, хэлэлцүүлгээс гарсан бүх саналыг хуулийн төслийн ажлын хэсэгт хүргүүлж, хэлэлцүүлнэ. Хамгийн сайшаалтай нь, бэлэн мөнгө эсвэл техник, тоног төхөөрөмж хүссэн хүн алга. Харин бизнесийн хууль, эрх зүйн орчныг амьдралд нийцүүлж, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэж өгвөл бизнес эрхлэгчид өөрсдөө өсөж хөгжих боломжтой гэдгээ илэрхийлж байгаа нь үнэхээр сайшаалтай хэмээн СДМЭХ-ны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа хэллээ.
Түүнчлэн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудлыг улс төрийн намын харьяалал, шашин шүтлэгээс үл хамааран авч үзэж, тэдний үйл ажиллагааг бодитой дэмжих шаардлагатайг илэрхийлээд, эмэгтэй бизнес эрхлэгчид өөрсдийн нийтлэг эрх ашиг, зорилгоо нэгтгэн, бодлого, шийдвэр гаргах түвшинд саналаа хүргэх боломжийг бүрдүүлэх нь чуулганы үндсэн зорилгын нэг болохыг тэрбээр мөн онцоллоо.
Харин Сүхбаатар аймгийн СДМЭХ-ны тэргүүн Б.Энхтуул хэлэхдээ, зүүн бүсийн чуулганыг орон нутагтаа зохион байгуулж байгаа нь давуу талтай. Эмэгтэй бизнес эрхлэгчид орон нутгийн тендерт оролцож, шалгарахад хүндрэлтэй байдаг. Мөн төрөөс олгодог дэмжлэг, хөнгөлөлттэй зээл нь бодит хэрэгцээнд нь хүрдэггүй зэрэг асуудлыг хөндөж байна. Чуулганаас гарсан саналуудыг нэгтгэн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид болон тухайн тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүдэд уламжилж, хамтран ажиллана гэв.
Зүүн бүсийн чуулган нь орон нутгийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг нэг дор уулзуулж, үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр хэрэгжүүлж буй ажил, цаашдын зорилго, санаачилгаа танилцуулах, харилцан туршлага солилцох боломжийг ийнхүү бүрдүүлж өгсөн юм.