Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Дархан, 2026 оны арваннэгдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дархан-Уул аймагт ажиллах үеэрээ “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн хамт олонтой уулзаж, үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус үйлдвэр энэ онд 570 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олж, улс, орон нутгийн төсөвт 116 орчим тэрбум төгрөгийн татвар, хураамж төлсөн бол Үндэсний баялгийн санд 36 тэрбум төгрөг төвлөрүүлжээ.
Монгол улсад гангийн үйлдвэрийн суурийг тавьж, анхны ган хайлуулснаас хойших 33 жилийн түүхийг бүтээсэн үе үеийн уурхайчид, инженер, техникийн ажилтан, металлургийн мэргэжилтнүүдэд Ерөнхийлөгч талархал илэрхийлэв.

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК нь 1993 онд анхны ган хайлалтаа хийж, 1994 онд бүрэн ашиглалтад орсон. Өнөөдрийг хүртэл нийт 933 мянган тн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 28 сая тн төмрийн хүдэр олборлож, хуурай соронзон аргаар 27.7 сая тонн хүдэр боловсруулж, 21.4 сая тонн баяжмал үйлдвэрлэжээ.
Гангийн үйлдвэр 2026 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 31 мянган тн хаягдал төмөр боловсруулж, 36 мянган тн ган бэлдэц, 34 мянган тн ган цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр төлөвлөжээ.
Мөн оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр ган бүтээгдэхүүний борлуулалт 43 мянган тн, 2.6 сая тн төмрийн хүдрийн баяжмал борлуулах хүлээлттэй байна. Үйлдвэрийн удирдлага, мэргэжилтэн, ган хайлахаас эхлээд бүх цех, нэгж 1500 орчим ажилтантай бөгөөд үүний 88 хувь нь орон нутгийн иргэд юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгалийн баялгаа олборлож, экспортолдог бус боловсруулж, нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай аж үйлдвэрийн орон болоход үйлдвэрийн хамт олны хувь нэмэр их байгааг онцлов.
Үйлдвэрийн үйл ажиллагааг тогтворжуулах, үр ашгийг дээшлүүлэх, ажилтнуудын хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, цалин хөлсийг нэмэгдүүлэх, улс, орон нутгийн төсөв, үндэсний баялгийн санд оруулах хувь нэмрийг өсгөхөд чиглэсэн бодит, үр дүнтэй санал санаачилга гаргаж байгааг тэмдэглэлээ.

Эрдэс баялгаа дотооддоо боловсруулж, хүнд үйлдвэрээ хөгжүүлэн, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх, улмаар экспортын бүтцийг төрөлжүүлэх зорилгын нэгэн чухал хэсэг нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг түшиглэн хэрэгжүүлэх “Ган үйлдвэрлэлийн цогцолбор” төсөл гэдгийг хэллээ.
Энэ төсөл төмөр, гангийн үйлдвэрлэл хөгжиж, импортоос хамаарах хамаарлыг бууруулах, шинэ ажлын байр бий болгох, дагалдах үйлдвэрлэл, үйлчилгээний салбаруудыг тэлэх, эдийн засагт шинээр нэмүү өртөг бий болгох боломж нэмэгдэнэ гэдгийг хэлж амжилт хүслээ.
