Ачаалж байна…
Ачаалж байна…
Montsame News Agency

Есөнбулаг, 2026 оны арваннэгдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймагт 2027 онд нийт 361.3 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 47 төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Үүнээс ирэх онд 124.4 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор улсын төсөвт тусгасан байна.
Улсын Их Хурлын 2026 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2027 оны төсвийг баталлаа.
Уг төсөвт Говь-Алтай аймгийн 18 сумыг хамарсан нийт 47 төсөл тусгажээ. Үүний 19 нь шинээр эхлэх бөгөөд 45.5 тэрбум төгрөгийн санхүүжилттэй бол өмнө нь эхэлсэн 28 төсөл, арга хэмжээг үргэлжлүүлэхэд 78.9 тэрбум төгрөг зарцуулахаар баталсан байна.
Салбарын хөрөнгө оруулалтыг авч үзвэл, боловсролын салбарт 17 төсөлд 43.3 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоно. Тухайлбал, Алтай, Шарга, Жаргалан, Цогт суманд сургуулийн барилга, Есөнбулаг суманд 320 болон 240 ортой цэцэрлэг, Дарви суманд 100 ортой дотуур байр шинээр барихаар төлөвлөжээ. Мөн сургууль, цэцэрлэг, дотуур байр, спорт заалны барилгын ажлуудыг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.
Зам, тээврийн салбарт зургаан төсөлд 23.3 тэрбум төгрөг тусгажээ. Энэ хүрээнд Халиун сумын төвийн хатуу хучилттай авто замын барилгын ажлыг шинээр эхлүүлэх бол Есөнбулаг сумын авто зам, Дэлгэр сумыг хатуу хучилттай авто замаар холбох ажил, Жаргалан сумын Завхан голын төмөр бетон гүүр болон зорчигч тээврийн авто үйлчилгээний төвийн барилгын ажлыг үргэлжлүүлэхээр төсөвлөсөн байна.
Эрчим хүчний салбарт аймгийн төвд барьж буй дулааны станцын хоёрдугаар хэлхээ болон дэд бүтцийн ажилд 10 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоно. Харин инженерийн дэд бүтцийн дөрвөн төсөлд 13.8 тэрбум төгрөг зарцуулахаар тусгажээ. Үүнд Есөнбулаг сумын үерийн далан, Харзат, Индэрт багийн гэр хорооллын инженерийн нэгдсэн шугам сүлжээ, Цээл сумын цэвэр усны шугам сүлжээний ажлууд багтаж байна.
Соёл, спорт, залуучуудын чиглэлээр долоон төсөл, арга хэмжээнд 12.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ. Тухайлбал, Есөнбулаг суманд спорт цогцолбор, Чандмань, Төгрөг, Алтай суманд спорт заал, Хөхморьт суманд соёлын төв шинээр барина. Түүнчлэн хүүхэд, залуучуудын парк, соёлын төв, спорт заалын барилгын ажлуудын төсвийг шийдсэн байна
Эрүүл мэндийн салбарт гурван төсөлд 3.5 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоно. Үүнд Тайшир суманд 10 ортой эрүүл мэндийн төвийн шинэ барилга барих, Эрдэнэ, Дэлгэр сумын эрүүл мэндийн төвийг тус бүр 10 ороор өргөтгөх ажил багтаж байна.
Бусад салбарт есөн төсөлд 17.7 тэрбум төгрөг тусгажээ. Үүнд дөрвөн суманд мэдээллийн төв байгуулах, 10 суманд хөв цөөрөм, услалтын систем байгуулах, Есөнбулаг суманд прокурорын газрын барилга барих зэрэг ажил багтсан байна. Мөн услалтын систем, Ахмадын холбоо, сувиллын барилга, цагдан хорих байр, Зэвсэгт хүчний 341 дүгээр ангийн 50 айлын орон сууцны барилгын ажлыг үргэлжлүүлнэ.