Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Чойбалсан, 2026 оны арваннэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Дорнод аймаг 84558 хүн амтай бөгөөд нийт хүн амын 12 хувийг ахмад настнууд эзэлж байна. Ахмад настнууд жилд дунджаар 10 удаа эмчийн үзлэгт хамрагддаг бол Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн амбулаторийн нийт үзлэгийн 21 хувийг тэдний үзлэг эзэлж байна. Энэ нь ахмад настанд чиглэсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатайг харуулж байгаа юм.
Энэ хэрэгцээнд тулгуурлан АШУҮИС, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон аймгийн Эрүүл мэндийн газар хамтран “Ахмад настанд үзүүлэх цогц тусламж, үйлчилгээг төлөвлөх нь” сэдэвт хэлэлцүүлэг өрнүүлж байна.
Хэлэлцүүлгийн хүрээнд Хэрлэн сумын 6, 7 дугаар баг болон аймгийн төвд ойр, алслагдсан сумдаас сонгосон нэг суманд ахмад настанд үзүүлж буй эрүүл мэндийн тусламж, нийгмийн хамгаалал, урт хугацааны асаргааны үйлчилгээний хүртээмжийг судалж байна. Мөн өвчний эрт илрүүлэг, хяналтын тогтолцоо, салбар хоорондын хамтын ажиллагааны өнөөгийн байдлыг газар дээр нь үнэлж байгаа юм.
Үүний зэрэгцээ үйлчилгээний зураглал гаргаж, хүртээмжийн зөрүүг тодорхойлоход шаардлагатай анхан шатны мэдээлэл цуглуулна. Багийн Засаг дарга, өрхийн болон сумын эрүүл мэндийн төвийн эмч, нийгмийн ажилтан, ахмад настны төлөөллийг оролцуулан тэдний тусламж, үйлчилгээний хэрэгцээ, тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, цаашдын үйл ажиллагааны чиглэлийг боловсруулахаар төлөвлөжээ.