Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Чойбалсан, 2026 оны арваннэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/.Дорнод аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас боловсролын байгууллага, сурагчдын дотуур байрны орчны аюулгүй байдалд үнэлгээ хийжээ.
Аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын орчны аюулгүй байдлын стандартыг үнэлэхэд 79.3 хувийн биелэлттэй гарсан байна. Харин 15 дотуур байранд хийсэн үнэлгээгээр 46-60 хувьд нь биеийн тамирын талбай, дасгалын хэрэгсэл, галын дохиолол байхгүй, 40-53 хувь нь дулаан, ариутгах татуургын нэгдсэн сүлжээнд холбогдоогүй, 47 хувьд нь номын сангийн номын хангамж дутмаг байжээ.
Мөн гүйцэтгэлийн үнэлгээний асуумжаар цэцэрлэгийн орчны эрсдэлийг 28, сургуулийн орчны эрсдэлийг 62 үзүүлэлтээр үнэлэхэд сургуулийн өмнөх боловсролын байгууллагууд 73-91, ерөнхий боловсролын сургуулиуд 85-92 хувийн биелэлттэй гарсан байна. Илэрсэн зөрчлийг тухай бүрд нь арилгуулжээ.
Түүнчлэн аймгийн Хүүхдийн эрхийн улсын байцаагч төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтаар “Дөлгөөн энх” хүүхдийн зуслан, “Хохирогчдыг хамгаалах нэг цэгийн үйлчилгээний төв”, “Анна хоум” хүүхдийн асрамж, халамжийн төв болон хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлтэй гурван байгууллагын үйл ажиллагаанд холбогдох стандартын хэрэгжилтийг шалгасан байна.