Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Чойбалсан, 2026 оны арваннэгдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Чулуунхороот сумын төвөөс баруун урагш 30 км зайд Манлайбаатар Ж.Дамдинсүрэнгийн булш бий. Тэрбээр 1871 онд одоогийн ӨМӨЗО-ы Хөлөнбуйрт төрсөн барга хүн бөгөөд Шинэ баргын хошууны суман занги байжээ.
1911 онд Богд Хаант Монгол Улсад нэгдэхээр баргуудыг толгойлон Хүрээнд ирсэн түүхтэй. Харин 1912 онд Ховдыг чөлөөлөхөд гавьяа байгуулсан тул Богд хааны зарлигаар үе улиран залгамжлах засаг төрийн бэйл, цэргийн жанжин, Манлайбаатар цолоор шагнуулсан түүхтэй. Өвөр Монголыг чөлөөлөх "Таван замын байлдаан"-ыг удирдсан Манлайбаатар Ж.Дамдинсүрэн 1921 оны нэгдүгээр сард гамингуудын гарт харамсалтайгаар амь үрэгдсэн билээ.
Сонирхуулахад, Манлайбаатар Жамсрангийн Дамдинсүрэнгийн эдэлж хэрэглэж байсан тамгын ширээ Дорнод аймгийн музейн сан хөмрөгт бий. Энэхүү модны үндсээр хийсэн ширээ нь XX зууны эхэн үеийн эд зүйл бөгөөд 39 см урт, 17 см өндөр, 26.5 см өргөнтэй. Хүрэн өнгөтэй, дөрвөн майга хөлтэй гол хэсгээрээ нарийн ховилтой тамгын ширээг зандан модны үндсээр урлажээ.