Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Чойбалсан, 2026 оны арваннэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөлөнбуйр хотоос Дорнод аймагт 1500 нарс модны тарьц суулгац ирүүлжээ. Энэхүү 3-5 настай тарьц суулгацыг 1800 айлын орон сууц бүхий “Шинэ Чойбалсан” суурьшлын бүсэд суулгаж, хоёр талын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны бэлгэдэл болгон төгөл байгуулна гэж БОГ-аас мэдээллээ.
Энэхүү ажил нь аймгийн Засаг даргын Хөлөнбуйр хотод ажиллах үеэр тохиролцсон хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж байна. Ноднин жил Хөлөнбуйр хотоос таван настай мянган ширхэг гацуур модны тарьц, суулгац хүлээн авч байсан юм.
Дорнод аймаг энэ намар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд уулын ойжуулалтад 500 мянга, хот суурин газрын ногоон байгууламжид 50 мянган мод, суулгац тариад байна. Тус аймаг 2030 он хүртэл нийт 20 сая мод тарьж, ургуулах зорилт дэвшүүлэн ажиллаж, энэ хүрээнд 2022-2026 онд 3.2 сая мод тарьж, улсын хэмжээнд мод тарилтаар тавдугаарт эрэмбэлэгджээ.