Ачаалж байна…
Ачаалж байна…
Montsame News Agency
info@montsame.gov.mn

Сайншанд, 2026 оны наймдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Намайг Лувсанжамбаагийн Лувсанпүрэв гэдэг. Уул уурхайн инженер мэргэжилтэй би говийн хөрсөнд ногоо тарьж, тариаланч болно гэж төсөөлж ч явсангүй. Хүний амьдрал гэдэг тааварлашгүй оньсого юм даа.
1990-ээд оны зах зээлийн шилжилтийн үед цалин орлого амьдралын хэрэгцээнд хүрэлцэхгүй, хүүхдүүдийн сургалтын төлбөр, хувцас хунар гээд ар гэрийнхээ төлөө хийх зүйл их байлаа. Эхнэр маань Дорноговийн Даланжаргалан сумын хүн. Ингээд бид газар тариалан эрхлэхээр хөдөө гарсан. Би тэр үеийг “ухдаг уурхайгаас ургуулдаг уурхай руу хөл тавьсан” гэж боддог.
Анх ногоо тарихдаа үрээ суулгаад л ургачихдаг гэж бодож байлаа. Харин газар шороотой ажиллаж эхлэхэд хөдөлмөр гэдэг тэсвэр, туршлага, өдөр бүрийн хичээл зүтгэлээс бүтдэгийг ойлгосон. Говийн халуун, хуурай нөхцөлд тариалан эрхлэх амаргүй. Тиймээс эхлээд хөрсөө тордож, малын бууцаар ялзмаг хийж, үржил шимийг нь сайжруулсан.
Одоогоос 30 гаруй жилийн өмнө 0.5 га газарт ногоо тарьж эхэлсэн бол өнөөдөр долоон га талбайд 20 гаруй төрлийн жимс, хүнсний ногоо тариалж, модлог ургамал ч ургуулж байна. Говийн хөрсийг ногооруулна гэдэг нэг өдрийн ажил биш. Өдөр бүрийн жижиг хөдөлмөр олон жилийн дараа том үр дүн болдог юм байна.
Энэ бүхнийг би ганцаараа хийсэнгүй. Хүүхдүүд маань багаасаа талбай дээр ажиллаж, нэг нь ургац хурааж, нөгөө нь талбайгаа арчилж, бас нэг нь бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд хүргэдэг байлаа. Газар тариалан бидэнд зөвхөн орлого өгөөгүй, хөдөлмөрийн үнэ цэн, байгаль дэлхийгээ хайрлах ухаан, аливаад тэвчээртэй хандахыг сургасан.
2021 онд “Монгол Улсын аварга тариаланч” болсон нь 30 гаруй жилийн хөдөлмөрийн маань нэг үнэлгээ байлаа. Харин миний хувьд хамгийн том амжилт бол хүүхдүүд маань хөдөлмөрийн үнэ цэнийг ойлгож, сурсан мэдсэнээ дараагийн үедээ өвлүүлэх хүсэлтэй болсон явдал.
Өнөөдөр манай ногоог хүмүүс өөрсдөө захиалж авдаг. Говьд ногоо ургуулж болдог гэдгийг бид өөрсдийн амьдралаар харуулж чаджээ.
Хүнд үед боломж хүлээж суух биш, байгаа зүйлээсээ боломж бүтээх хэрэгтэй юм байна. Газрын хөрсийг арчилж байж ургац авдаг шиг амьдралаа ч хөдөлмөрөөрөө тордож байж үр дүнд хүрдэг. Энэ бол миний 30 гаруй жилийн тариалангийн хамгийн том сургамж.

АРХАНГАЙ: Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар аймгийн Онцгой байдлын газрыг автомашин, техник, тоног төхөөрөмжөөр хангалаа
ХӨВСГӨЛ
ХӨВСГӨЛ: Хилэнтийн гүүрээс Мөрөн чиглэлийн хатуу хучилттай авто замын ажил бүрэн дууслаа
БАЯНХОНГОР
БАЯНХОНГОР: "Эрх тэгш" сэдэвт сургалт, нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа