Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Сайншанд, 2026 оны аравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. "Монгол-99" ТББ-ын төгсөгчдийн төлөөлөл Дорноговь аймгийн Хөвсгөл, Хатанбулаг, Улаанбадрах сумын зааг нутагт өнгөрсөн наймдугаар сарын эхээр зэрлэг амьтдыг ундаалах, худаг, хөв цөөрөм байгуулжээ.
Монгол орны өмнөд говьд дэлхийд ховордсон хар сүүлт зээр, хулан зэрэг зэрлэг амьтан байдаг. Хуурай, халуун уур амьсгалтай энэ бүсэд усны хомсдолоос шалтгаалан ан амьтад ундаалах усгүйдэж, үхэх тохиолдол гардаг байна.
Хөрсөн дээрээ 50 хэм хүрч халдаг говийн аагим хязгаарт ан амьтдыг ундаалах хөв цөөрөм байгуулсан нь амьтдын хувьд амьдрах нөхцөл, идээшлэн бэлчээрлэх боломжийг хангасан ажил болжээ. Тэдний байгуулсан хөв цөөрөм, худаг нь ундаалахаар ирсэн ан амьтдын хөдөлгөөнийг мэдэрч худаг өөрөө автоматаар гүний усаа татаж онгоцоо дүүргэдэг аж. Мөн хөв цөөрмийн цахилгааны эх үүсвэрийг нарны эрчим хүчээр шийджээ.
Худаг, хөв цөөрөм байгуулахад “Монгол-99” ТББ-ын төгсөгчдийн төлөөлөл 80-100 сая төгрөг зарцуулжээ. Тус байгууллагынхан гурван жилийн өмнө Архангай аймгийн 1999 оны төгсөгчидтэй хамтран Булган ууланд янгир нутагшуулж байсан бол цаашид Монгол орны говь, цөлийн бүсэд 99 хөв цөөрөм байгуулах зорилт тавьжээ.
