Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Батлан хамгаалах салбарын бодлого, хууль тогтоомж, зэвсэгт хүчний үйл ажиллагааг олон нийтэд таниулах, иргэд, хүүхэд, залуучуудад эх оронч үзэл, үндэсний бахархлыг төлөвшүүлэх зорилготой “Эх оронч Монгол” үндэсний хөдөлгөөний хүрээнд Дундговь аймагт зохион байгуулсан сургалт, өдөрлөгийн үеэр 1945 оны Чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчдын гавьяаг алдаршууллаа.
Өдөрлөгийн нээлтэд аймгийн Засаг дарга бөгөөд Батлан хамгаалахын газрын дарга С.Мөнхчулуун, Батлан хамгаалахын дэд сайд Д.Баасандамба болон ажлын хэсгийн гишүүд оролцож, батлан хамгаалах салбарын бодлого, зорилт, хууль тогтоомж, тэдгээрийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өглөө.
Энэ үеэр “Цэрэг-эх оронч үндэсний үзэл, хүмүүжил” сэдэвт лекц уншиж, “Монгол Улсын Зэвсэгт хүчин дэлхийн энхийн үйлсэд” баримтат кино үзүүлэв. Мөн Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид ая дуугаа өргөв.
Түүнчлэн аймаг дахь төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагууд үйл ажиллагаагаа танилцуулж, техник хэрэгсэл, зэвсэглэлээ олон нийтэд дэлгэн үзүүллээ. Цэргийн төв эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд урьдчилан сэргийлэх үзлэг хийж, Батлан хамгаалахын төв архивын ажилтнууд иргэдэд архивын үйлчилгээ үзүүллээ.



