Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Мандалговь, 2026 оны аравдугаар сарын 30. /МОНЦАМЭ/. Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн 13 нарийн мэргэжлийн эмч энэ сарын 30, 31-нд Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллаж, эх, хүүхдэд төрөлжсөн мэргэжлийн үзлэг, оношилгоо хийж, зөвлөгөө өгч байна.
Эмч нарын бүрэлдэхүүнд эх барих, эмэгтэйчүүдийн тав, хүүхдийн найман нарийн мэргэжлийн эмч багтжээ.
Тухайлбал, эх барих, эмэгтэйчүүдийн чиглэлээр үргүйдэл, нөхөн үржихүй, дотоод шүүрэл, мэс засал, мэдээгүйжүүлэлтийн, хүүхдийн чиглэлээр зүрх судас, холбогч эдийн эмгэг, бөөр, дотоод шүүрэл, хоол боловсруулах эрхтэн, мэдрэл, эрчимт эмчилгээ, ерөнхий болон чих, хамар, хоолойн мэс заслын нарийн мэргэжлийн эмч нар үзлэг хийж байна.
Дундговь аймгийн эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн хангалт 2025 оны аравдугаар сарын байдлаар 91.4 хувьтай, 70 сул орон тоотой байжээ. Орон нутагт хүүхдийн нарийн мэргэжлийн эмчийн хүрэлцээ, төрөлжсөн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлага байсаар байна. Ялангуяа хүүхдийн нарийн мэргэжлийн эмчийн хүрэлцээ хангалтгүйгээс зүрх судас, бөөр, мэдрэл, дотоод шүүрэл, хоол боловсруулах эрхтний чиглэлээр төрөлжсөн тусламж авахын тулд нийслэлийг зорих шаардлага гардаг байна.
Иймд ЭХЭМҮТ-ийн эмч нар орон нутагт ажилласнаар хүүхдийн өвчлөлийг эрт илрүүлэх, оношийг нарийвчлан тогтоох, эцэг эхэд мэргэжлийн зөвлөгөө өгөх, шаардлагатай тохиолдолд цаашдын эмчилгээ, хяналтыг төлөвлөх боломж бүрдэж байна.
Үзлэгийг эх барих, эмэгтэйчүүдийн чиглэлээр Нэгдсэн эмнэлгийн амбулаторийн нэгдүгээр давхарт, хүүхдийн төрөлжсөн мэргэжлийн үзлэгийг Эрүүл мэндийг дэмжих төвийн хоёрдугаар давхарт, хүүхдийн мэс заслын үзлэгийг шинэ эмнэлгийн зургаадугаар давхарт тус тус хийж байна.

