Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Мандалговь, 2026 оны арван нэгдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн 15 сумын Засаг даргыг батлан хамгаалах бодлого, хууль тогтоомжийг орон нутагт хэрэгжүүлэх мэдлэг, ур чадварыг нь дээшлүүлэх, болзошгүй эрсдэл, онцгой нөхцөл байдлын үед ажиллах бэлтгэлийг хангах зорилгоор хоёр өдрийн цэргийн бэлтгэл сургалтад хамрууллаа.
“Эх оронч Монгол” үндэсний хөдөлгөөний хүрээнд зохион байгуулсан уг сургалт нь Батлан хамгаалахын сайдын 2026 оны аравдугаар сарын 14-ний өдрийн А/421 дүгээр тушаалын хэрэгжилтийг хангахад чиглэсэн бөгөөд аймгийн 15 сумын Засаг дарга бүгд хамрагдсан байна.
Сургалтаар үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэхэд нутгийн захиргааны байгууллагын гүйцэтгэх үүрэг, батлан хамгаалах бодлого, хууль тогтоомжийг орон нутагт хэрэгжүүлэхэд сумын Засаг даргын хүлээх үүрэг, оролцооны талаар онолын мэдлэг олгожээ. Мөн Зэвсэгт хүчний үйл ажиллагаа, батлан хамгаалах салбарын бодлого, зохицуулалттай танилцуулсан байна.
Үүний зэрэгцээ Зэвсэгт хүчний 278 дугаар тусгай салбарын материаллаг баазыг түшиглэн хээрийн дадлага зохион байгуулж, оролцогчдод цэргийн хэргийн анхан шатны мэдлэг, дадал эзэмшүүлжээ. Дадлагаар галын болон химийн бэлтгэл, байр зүйн баримжаа, эмнэлгийн анхны тусламж, гар гранат, буудлагын бэлтгэлийн чиглэлээр сургалт явуулсан байна.
Түүнчлэн бие бялдрын бэлтгэл, тэсвэр хатуужил, сахилга зохион байгуулалт, багаар ажиллах чадварыг сорих, хөгжүүлэх зорилгоор марш-тактикийн тэмцээн зохион байгуулжээ.
