Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Мандалговь, 2026 оны арваннэгдүгээр сарын 2. /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн спортын салбарын өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн чиглэл, тамирчдыг дэмжих бодлогыг хэлэлцэх зорилгоор “Спортын нэгдсэн өдөрлөг-2026”-г өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгууллаа.
Монголын Үндэсний Олимпын хороо, Дундговь аймгийн “Стокгольм” олимпын зөвлөл, Биеийн тамир, спортын газар хамтран зохион байгуулсан өдөрлөгт төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, спортын багш, дасгалжуулагч, мэргэжилтэн, ахмад тамирчин, хүүхэд, залуучууд, спорт сонирхогч нийт 123 хүн оролцов.
Өдөрлөгөөр аймгийн удирдлагууд орон нутагт хэрэгжүүлж буй спортын хөтөлбөр, төсөв, санхүүжилт, тамирчдыг дэмжих бодлого, 2027 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг танилцууллаа. Мөн дэлхий, улс, бүсийн хэмжээний тэмцээнд амжилт гаргасан тамирчдыг дэмжихэд зарцуулсан хөрөнгө, спортын салбарын статистик үзүүлэлт, өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл солилцжээ.
Түүнчлэн Монголын Үндэсний Олимпын Хорооны тэргүүн дэд ерөнхийлөгч, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ч.Наранбаатар, олимпын сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Б.Өсөхбаяр нар “Олимпын үнэт зүйлс, боловсролын хөтөлбөр” сэдвээр сургалт явуулж, олимпын хөдөлгөөний үзэл санаа, үнэт зүйлсийн талаар мэдлэг, мэдээлэл хүргэлээ. Энэ үеэр “Хүмүүнлэг”, “Эрдмийн далай” сургуулийн олимпын танхимын үйл ажиллагааг үзэж сонирхов.
Өдөрлөгийн хүрээнд “Орон нутгийн спортын хөгжлийн өнөөгийн байдал, боломж, цаашдын чиглэл” сэдэвт хэлэлцүүлэг өрнүүлж, аймгийн спортын салбарт тулгамдаж буй асуудал, орон нутгийн онцлогт тохирсон спортын төрлийг хөгжүүлэх боломж, тамирчдыг дэмжих бодлого, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Мөн спортын салбарын хамтарсан тушаалыг танилцуулжээ.
Мөн спортын ахмад тамирчин, цанын спортын дэд мастер Д.Наваантая “Дундговь аймгийн спортын түүхэн замнал” номоо танилцуулж, аймгийн спортын хөгжлийн түүх, үе үеийн тамирчдын гаргасан амжилт, спортын салбарт оруулсан хувь нэмрийг онцоллоо.



