Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Мандалговь, 2026 оны арваннэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Сайнцагаан суманд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Малжуулах” ажлын хүрээнд цөөн малтай, залуу малчин хоёр өрхөд нийт 140 толгой бог мал олгожээ.
Тодруулбал, Наран багийн малчин А.Гантөмөрбаатарт Өлзийт сумын малчин А.Батмөнхөөс 80 толгой бог малыг найман сая төгрөгөөр худалдан авч өгсөн бол Тэвш багийн малчин О.Гүндсамбууд тус багийн малчин Н.Одхүүгээс 60 толгой бог малыг мөн найман сая төгрөгөөр худалдан авч хүлээлгэн өгсөн байна.
Ийнхүү хоёр өрхөд нийт 16 сая төгрөгийн санхүүжилтээр 140 толгой бог мал олгосноор мал сүргээ өсгөх, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх боломжийг нь нэмэгдүүлжээ.
“Малжуулах” ажил нь цөөн малтай, мал аж ахуй эрхлэх хүсэл эрмэлзэлтэй залуу өрхүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, мал сүргийн тоо толгойг өсгөн үржүүлэх, өрхийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилготой юм.
Энэхүү ажлыг Дундговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Сайнцагаан сумын Засаг даргын Тамгын газар хамтран хэрэгжүүлжээ.
