Ачаалж байна…
Ачаалж байна…
Montsame News Agency

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Монгол, Оросын эрдэмтдийн хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС төслийг хэрэгжүүлэх нь Сэлэнгэ мөрөн, Байгал нуурын экосистемд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэсэн урьдчилсан дүгнэлт гаргажээ.
Судалгааны дүнг ШУА-ийн ерөнхийлөгч С.Дэмбэрэл Ерөнхий сайд Н.Учралд танилцуулсныг Засгийн газрын ХМОНХГ мэдээлэв.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч манай улсад 2024 оны есдүгээр сард албан ёсоор айлчлах үеэр хоёр улсын байгаль орчны асуудал эрхэлсэн сайд нар Байгал нуур, Сэлэнгэ мөрнийг хамгаалахад хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурсан. Энэ хүрээнд Эгийн голын УЦС-ын төсөл Байгал нуур, Сэлэнгэ мөрөнд үзүүлж болзошгүй нөлөөг үнэлэх Монгол, Оросын эрдэмтдийн хамтарсан ажлын хэсэг байгуулсан билээ. Хоёр улсын ШУА-ийн эрдэмтэд судалгааг хоёр жил хийж, тус төслийг байгаль орчинд сөрөг нөлөөгүй барьж, ашиглах боломжтой гэсэн урьдчилсан дүгнэлтэд хүрсэн байна.
Ерөнхий сайд Н.Учрал хоёр улсын эрдэмтэн, судлаачдад талархал илэрхийлээд, эрчим хүч үйлдвэрлэх, усны нөөцийг зохистой ашиглах, байгаль орчныг хамгаалах зорилтыг харилцан зөрчилдүүлэхгүй уялдуулах зорилготойг тэмдэглэлээ. Мөн хамтарсан судалгааны үр дүнг ОХУ-ын талтай эцэслэн хэлэлцэж, тохиролцсон баримт бичгийг албажуулах, Засгийн газар хоорондын комиссын хуралдаанд танилцуулах, цаашид төсөл хэрэгжүүлэх бодлого, шийдвэрийн төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг холбогдох сайд нарт үүрэг болголоо.
Хамтарсан судалгааны урьдчилсан дүгнэлтийг хоёр улсын эрдэмтдийн ажлын хэсэг ОХУ-ын Засгийн газарт энэ сарын 19-нд албан ёсоор танилцуулж, холбогдох баримт бичгийг гардуулах ажээ.