Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ
Улиастай, 2026 оны арваннэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Отгонтэнгэр уул, Хангай, Тарвагатай, Булнайн нурууны ой тайгын бүсэд баданга хүдэр, халиун буга, хүрэн баавгай, шилүүс, бор гөрөөс, нохой зээх зэрэг хөхтөн амьтад тархан нутагладаг. Эдгээр амьтдын заримынх нь тархац, тоо толгойн судалгаа хангалтгүй байгаа бол халиун буга, бор гөрөөсний тооллогоор аймгийн хэмжээнд 8000 орчим халиун буга, 3000 орчим бор гөрөөс байна гэсэн урьдчилсан мэдээлэл гарчээ.
Ховор амьтдын биологийн онцлог, тархац, тоо толгой, хамгааллын өнөөгийн нөхцөл байдал болон цаашид хэрэгжүүлэх шаардлагатай ажлын талаар Завхан аймгийн Байгаль орчны газрын ан амьтан, биологийн төрөл зүйл хариуцсан мэргэжилтэн Э.Мягмаржавтай ярилцлаа.
Завхан аймгийн ой тайгын бүсэд ямар ховор, өвөрмөц амьтад тархан нутагладаг вэ? Тэдгээрээс онцлон танилцуулна уу?
-Завхан аймаг нь Хангайн нурууны өндөр уулс, ой тайга, уулын ойт хээр, гол мөрний хөндий зэрэг байгалийн олон янзын бүс бүслүүртэй. Тэр дундаа Отгонтэнгэр уул болон Хангай, Тарвагатай, Булнайн нурууны ой тайгын бүсэд баданга хүдэр, халиун буга, хүрэн баавгай, шилүүс, бор гөрөөс, нохой зээх зэрэг хөхтөн амьтад тархан нутагладаг.
Эдгээрээс баданга хүдэр, халиун буга, хүрэн баавгай, шилүүс, бор гөрөөсийг хамгаалах нь чухал. Мөн нохой зээх нь ой тайгын экосистемд тодорхой үүрэг гүйцэтгэдэг бөгөөд тархац, тоо толгойн хувьд нарийвчилсан судалгаа шаардлагатай амьтдын нэг юм.
Баданга хүдэр, нохой зээхийн биологийн онцлог болон хамгааллын статусын талаар тодруулж хэлж өгөөч?
-Баданга хүдэр (Moschus moschiferus) нь хүдрийнхэн овогт хамаарах хөхтөн амьтан. Бусад бугын адил эвэргүй боловч эр хүдэр урт соёотой, заарын булчирхайтай байдгаараа онцлог. Уулын өтгөн ой, тайгад амьдардаг бөгөөд үргэмтгий, нуугдмал амьдралтай. Олон улсын хэмжээнд эмзэг ангилалд багтдаг, Монгол орны ховор амьтдын нэг юм.

Харин нохой зээх (Gulo gulo) нь мах идэштний багийн суусрын овогт багтдаг бөгөөд энэ овгийн биеэр хамгийн том төлөөлөгч юм. Өтгөн, тослог үс, өргөн тавхай нь хүйтэн, цастай орчинд амьдрахад нь зохицсон байдаг. Бусад амьтдыг агнахаас гадна сэг зэмээр хооллодог тул байгалийн идэш тэжээлийн хэлхээнд чухал үүрэгтэй.
Нохой зээх олон улсын хэмжээнд Ховордох дөхсөн (Near Threatened) ангилалд багтдаг. Монгол орны хойд хэсгийн ой тайга, өндөр уулын бүс, тухайлбал Хөвсгөл, Хэнтий, Алтай, Хангайн нуруу болон Увс нуурын ай сав газарт тархан амьдардаг. Үржил, нөхөн төлжилт удаан учраас хууль бус агнуур, урхи хавх, амьдрах орчны доройтлоос хамгаалах шаардлагатай.
Иймээс эдгээр амьтныг хамгаалахдаа зөвхөн хамгааллын ангиллыг бус, биологийн онцлог, тархац, нөхөн төлжих чадварыг нь харгалзан үзэх нь чухал.

Эдгээр амьтдын тархац, тоо толгойн талаар одоогоор ямар мэдээлэл байна вэ?
-Одоогоор баданга хүдэр, нохой зээхийн тархац, тоо толгойг тодорхойлсон аймгийн хэмжээний нэгдсэн судалгаа, баталгаажсан мэдээлэл хангалтгүй байна.
Харин халиун буга, бор гөрөөсний тооллогыг сүүлийн жилүүдэд тогтмол хийсэн байна. Тооллогын мэдээллээр аймгийн хэмжээнд 8000 орчим халиун буга, 3000 орчим бор гөрөөс байна. Цаашид судалгаа хангалтгүй байгаа амьтдын тархац, байршил, тоо толгойг нарийвчлан тогтоож, хамгааллын ажлыг бодит мэдээлэлд тулгуурлан төлөвлөх шаардлагатай байгаа юм.
Нуугдмал амьдралтай, ховор амьтдын тархац, тоо толгойг ямар аргаар судалдаг вэ?
-Автомат камер буюу камерын урхи, мөр, ул мөрийн ажиглалт, биологийн дээжийн судалгаа зэрэг аргыг ашигладаг. Тухайлбал, автомат камерыг амьтдын хөдөлгөөн илэрсэн газарт байршуулснаар тухайн бүсэд ямар амьтан тархсан, хөдөлгөөний чиглэл, давтамжийг тогтоох боломжтой юм.
Иймээс мэргэжлийн байгууллагуудтай хамтран автомат камерын судалгааг тогтмолжуулж, цуглуулсан мэдээллээр нэгдсэн сан бүрдүүлэх нь чухал юм.

Халиун буга, бор гөрөөсний хамгаалал, зохистой ашиглалтыг хэрхэн зохицуулж байна вэ?
-Халиун бугын хувьд олон улсын жишигт нийцсэн агнуурын менежментийг хэрэгжүүлж байна. Энэ нь тухайн жилийн нөөцийн үнэлгээ, сүргийн нас, хүйсийн бүтэц, нөхөн үржихүйн байдлыг харгалзан ашиглалтын хэмжээг тогтоож, нийт сүргийн тогтвортой байдлыг хангах зарчим юм. Өөрөөр хэлбэл, шинжлэх ухааны үндэслэлтэй, зохистой ашиглалтаар дамжуулан амьтны нөөцийг хамгаалах менежмент юм.
Мөн ойн туруутан амьтад өвлийн улиралд идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан хорогдох эрсдэлтэй байдаг. Үүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор аймагт үйл ажиллагаа явуулж байгаа мэргэжлийн байгууллагууд жил бүр биотехникийн арга хэмжээ зохион байгуулдаг. Үүнд шаардлагатай үед нэмэлт тэжээл, хужир давс тавих зэрэг ажил багтана.
Ховор амьтдыг хамгаалахад нутгийн иргэдийн оролцоо ямар ач холбогдолтой вэ?
-Байгаль хамгаалагчдын техник хэрэгсэл, хяналт шалгалт хийх боломж хязгаарлагдмал байдаг учраас нутгийн иргэд, ойн нөхөрлөлүүдийн оролцоо маш чухал. Ойн нөхөрлөлүүд хууль бус агнуур, зөвшөөрөлгүй мод бэлтгэлээс урьдчилан сэргийлэх, байгаль орчны зөрчлийг мэдээлэхэд чухал үүрэгтэй.
Мөн иргэд ховор амьтан харсан тохиолдолд байршил, огноо, гэрэл зураг, дүрс бичлэгийн хамт холбогдох байгууллагад мэдээлэх нь судалгаа, хамгааллын ажилд бодит хувь нэмэр болно.
Хууль бус агнуур, урхи хавх нь ховор амьтдын популяцид ямар эрсдэл учруулж байна вэ?
-Хууль бус агнуур, урхи хавх нь зэрлэг амьтдын тоо толгой буурах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Ялангуяа баданга хүдэр, нохой зээх зэрэг нөхөн төлжилт удаан амьтдын хувьд цөөн тооны бодгаль хорогдох нь тухайн орон нутгийн популяцид сөргөөр нөлөөлж болзошгүй.
Тиймээс урхи хавх илрүүлэх, хяналт шалгалтыг тогтмолжуулах, хууль бус агнуураас урьдчилан сэргийлэх, иргэдийн мэдээллийг шуурхай хүлээн авах шаардлагатай байна.
Завхан аймгийн ховор амьтдыг хамгаалах чиглэлээр ямар ажлыг нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай байна вэ?
-Цаашид хоёр үндсэн чиглэлд анхаарах хэрэгтэй. Нэгдүгээрт, баданга хүдэр, нохой зээх зэрэг судалгаа хангалтгүй амьтдын тархац, тоо толгой, амьдрах орчныг нарийвчлан судлах. Хоёрдугаарт, халиун буга, бор гөрөөс зэрэг тооллого хийгдсэн амьтдын нөөцийн үнэлгээг тогтмолжуулж, хамгаалал, зохистой ашиглалтын менежментийг сайжруулах шаардлагатай.
Үүний зэрэгцээ хүрэн баавгай, шилүүс зэрэг амьтдын амьдрах орчныг хамгаалах, ойн туруутан амьтдад чиглэсэн биотехникийн арга хэмжээг үргэлжлүүлэх, хууль бус агнууртай тэмцэх хяналтыг сайжруулах нь чухал байна.
Ховор амьтдыг хамгаална гэдэг нь зөвхөн тухайн амьтныг бус, түүний амьдрах орчин, идэш тэжээл, үржлийн нөхцөл, байгалийн харилцан хамаарлыг бүхэлд нь хамгаалах асуудал юм. Иймээс төрийн болон мэргэжлийн байгууллага, нутгийн иргэдийн хамтын ажиллагаа хамгийн чухал юм.
-Танд баярлалаа.