Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. МУЭ-ийн дэргэдэх Залуу уран бүтээлчдийн нэгдлийн санаачилгаар зохион байгуулж буй “Энэ тэр” хамтарсан үзэсгэлэн ССАЖЗЯ-ны үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 2-нд нээлтээ хийж, олон нийтийн хүртээл болж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 314 дүгээр тогтоолоор баталсан Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэлийн нэг болох дүрслэх урлагийн салбарыг дэмжих, уран бүтээлчдийн бүтээлийг олон нийтэд сурталчлан таниулах зорилгын хүрээнд тус яамнаас уран бүтээлчдийн үзэсгэлэнг тогтмол зохион байгуулж байгаа юм.
Энэ хүрээнд өнгөрсөн аравдугаар сард уран бүтээлч Б.Дашням, Л.Мягмарцэрэн нарын “Уудам” хамтарсан үзэсгэлэнг толилуулсан бол энэ удаа залуу уран бүтээлчдийн “Энэ тэр” үзэсгэлэнг дэлгэжээ. Үзэсгэлэнд залуу уран бүтээлч Г.Ганбаяр, Э.Орхон, С.Биндэръяа, Э.Тогтуун, Б.Цэлмүүн, Б.Өндөр-Ачтан, А.Хосбаяр, Б.Тэргэл нар оролцож, өөрсдийн өвөрмөц арга барил, үзэл санаа, уран сайхны илэрхийллийг шингээсэн бүтээлүүдээ толилуулж байна.
“Энэ тэр” хамтарсан үзэсгэлэн нь шинэ үеийн уран бүтээлчдийн бүтээлч сэтгэлгээ, уран сайхны эрэл хайгуул, олон талт илэрхийллийг олон нийтэд хүргэхийн зэрэгцээ залуу уран бүтээлчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монголын дүрслэх урлагийн хөгжилд тэдний оруулах хувь нэмрийг тодотгох ач холбогдолтойг ССАЖЗЯ мэдээлэв.
Тус үзэсгэлэн энэ сарын 25-ныг хүртэл үргэлжилнэ.


