Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

БИШКЕК, 2026 оны арваннэгдүгээр сарын 5 /Kazinform/. Энергийн ундааг үйлдвэрлэх, импортлохыг хориглох тухай асуудлыг авч хэлэлцэхийг Киргизийн Ерөнхийлөгч Садыр Жапаров засгийн газарт үүрэг болгожээ. Энэ тухай Бишкект суугаа Kazinform агентлагийн сурвалжлагч мэдээллээ.
Ерөнхийлөгчийн үзэж байгаагаар, их хэмжээний сахар ба кофеин агуулсан ундааг байнга хэрэглэх нь залуу үеийнхний эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж, зүрхний шигдээс, чихрийн шижин, бөөрний эмгэгүүд үүсэх шалтгаан болж байгаа бөгөөд эдгээр өвчнийг эмчлэхэд улсаас асар их зардал гаргаж байна.
Статистик мэдээллээр, 2025 онд гэхэд улсын хэмжээнд 54.2 сая литр буюу 129 сая ширхэг лааз энергийн ундаа хэрэглэжээ. Улмаар 2026 оны эхний хагас жилд дээрх тоо 36.8 сая литр буюу 86 сая ширхэг лааз болсон байна.
Киргизийн төрийн тэргүүн хэлэхдээ, ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалахын тулд шийдвэртэй алхам хийж, энергийн ундаанд ногдуулсан татвар хэлбэрээр улсын төсөвт ордог 1.5 тэрбум сомоос татгалзахад бэлэн байна гэлээ.
Ерөнхийлөгчийн өгсөн үүргийн дагуу, засгийн газар нэг сарын хугацаанд энергийн ундааг гаалиар нэвтрүүлэх, үйлдвэрлэх, борлуулахыг хязгаарлах тухай асуудлыг сайтар судлах ёстой. Үүний дараа зургаан сарын хугацаанд одоо хэрэгжиж буй хуулийн хүрээнд зохицуулалтын арга хэмжээ авах юм.
Ташрамд дурдахад, Казахстан улсад энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн 21-ээс доош насны хүнд энергийн ундаа худалдсан худалдагчдад торгууль ногдуулж эхэлсэн ба уг ундааг онцгой албан татвар ногдуулдаг бараа бүтээгдэхүүний жагсаалтад оруулсан байна.