Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Монгол Улсын байгаль орчны салбарын төлөөлөл НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын Талуудын 31 дүгээр бага хурлын нээлтийн өдөр Дэлхийн ногоон эдийн засгийн байгууллагын павильонд “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох санхүүжилтийг нэмэх нь: Нөлөөлөлд суурилсан эрт сэрэмжлүүлгийн систем ба урьдчилсан мэдээнд суурилсан санхүүжилтийг ашиглах” үйл ажиллагааг зохион байгуулав.
БОУАӨЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Намхайринчэн энэ үеэр, "Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөлд хамгийн их өртөж буй орны нэг. Сүүлийн 80 гаруй жилд агаарын дундаж температур дэлхийн дунджаас хэд дахин нэмэгдэж, нутаг дэвсгэрийн 81.9 хувь цөлжиж, аюултай үзэгдлийн давтамж эрс олшиирсон"-ыг онцлов. Мөн Монгол Улс өнгөрсөн 8 дугаар сард НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулсан туршлагаас үзэхэд газар, уур амьсгал, хүн хоорондоо салшгүй холбоотой. Гамшгийн дараа бус, өмнө нь арга хэмжээ авах нь хамгийн үр дүнтэй хариу арга хэмжээ болохыг тэмдэглэлээ.
Ус, цаг уурын албаны ажиглалтын сүлжээг “Эрт сэрэмжлүүлгийг хүн бүрд” санаачилгын хүрээнд шинэчлэх, уламжлалт урьдчилсан мэдээнээс нөлөөлөлд суурилсан урьдчилсан мэдээ рүү шилжих, эрт сэрэмжлүүлгийг урьдчилсан мэдээнд суурилсан санхүүжилтийн механизмаар санхүүжилттэй шууд холбох тэргүүлэх чиглэлийг танилцуулж, БОУАӨЯ нь олон улсын түнш байгууллагыг хамтран ажиллахыг уриалсныг БОУАӨЯ мэдээлэв.

ЦУОШГ-ын Захиргааны хэлтсийн Олон талт хамтын ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн С.Жавзмаа “Нөлөөлөлд суурилсан урьдчилсан мэдээнээс дасан зохицох хөрөнгө оруулалтын шийдвэр хүртэл” илтгэл тавьж хэлэлцүүллээ. Мөн энэ онд шинэчлэн гаргасан Монгол Улсын цөлжилтийн атласын үр дүн, урьдчилсан мэдээний хугацаа тус бүрээр ямар шийдвэр гаргах боломжтойг танилцуулсан юм.
Түүнчлэн EW4All санаачилгын дөрвөн тулгуурын хүрээнд эрсдэлийн мэдлэг, ажиглалт ба урьдчилсан мэдээ, сэрэмжлүүлэг түгээх, бэлэн байдал, хариу арга хэмжээ чиглэлээр хөрөнгө оруулалтын тэргүүлэх хэрэгцээг танилцуулж, олон улсын түншлэлийг өргөжүүлэх, урьдчилсан мэдээнд суурилсан санхүүжилтийг үндэсний дасан зохицох бодлого, төсөвт тусгах, бүс нутгийн шинжлэх ухааны хамтын ажиллагааг бэхжүүлэх, орон нутагт хэрэгжүүлэх дөрвөн саналыг дэвшүүллээ.
ЦУОШГ-ын Уур амьсгалын өөрчлөлт, орчны шинжилгээний хэлтсийн дарга Ш.Цэрэндулам “Эрт сэрэмжлүүлгийн системийг санхүүжилтийн механизмтай холбох нь” хэлэлцүүлгийг даргалав. Хэлэлцүүлэгт ДЦУБ-ын Хөгжлийн түншлэл, хөтөлбөрийн хэрэгжилт хариуцсан газрын захирал Даниел Кулл “Эрт сэрэмжлүүлгийг хүн бүрд” санаачилга, олон улсын түншлэлийн талаар, БОУАӨЯ-ны Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн М.Должинсүрэн урьдчилсан мэдээнд суурилсан санхүүжилтийг үндэсний дасан зохицох бодлогод тусгаж институцжүүлэх тухай, Ази, Номхон далайн бүс нутгийн дэлхийн өөрчлөлтийн судалгааны сүлжээний Нарийн бичгийн дарга нарын газрын захирал Тошиюки Ямасаки бүс нутгийн шинжлэх ухаан, судалгааны хамтын ажиллагааг дасан зохицох төлөвлөлтөд ашиглах талаар, ICLEI-Тогтвортой хөгжлийн төлөөх орон нутгийн засаг захиргааны байгууллагын Зүүн Азийн нарийн бичгийн дарга нарын газрын бүсийн захирал Шу Жу радар, хиймэл оюун, ухаалаг хотын дасан зохицох шийдлийг орон нутагт нэвтрүүлэх талаар байр сууриа илэрхийлж, санал бодлоо солилцжээ.