Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

БРЮССЕЛЬ, 2026 оны арваннэгдүгээр сарын 6 /DW/. Зээлийн Ukraine Support Loan хөтөлбөрийн хүрээнд Европын комисс пүрэв гарагт 4.36 тэрбум еврог Украины талд шилжүүлжээ. Үүнээс 3.7 тэрбум евро нь макро санхүүгийн тусламжийн хоёр дахь багц, 658 сая евро нь Украины батлан хамгаалахын хэрэгцээнд зориулсан мөнгө юм.
Энэхүү зээл тусламж нь Украины төрийн байгууллагуудын тасралтгүй хэвийн үйл ажиллагааг хангах, батлан хамгаалах салбарын хойшлуулшгүй зорилтуудыг шийдвэрлэх боломжийг олгоно гэж Европын комиссын мэдэгдэлд дурджээ.
Батлан хамгаалахын салбарт зориулсан мөнгийг нисэгчгүй онгоц, пуужин, радиолокаторын станц, радиоэлектрон тагнуулын хэрэгслүүд, агаарын довтолгооноос хамгаалах зэвсэглэлийн сум хэрэгслүүдийг Украины үйлдвэрүүдээс худалдан авахад зарцуулна. “Уг мөнгийг Украины компаниудад шилжүүлснээр технологийн хамгийн сүүлийн үеийн шийдлүүдийг нэвтрүүлсэн батлан хамгаалахын эко тогтолцоог хөгжүүлэхэд бид тусалж байгаа бөгөөд уг тогтолцооноос Европын батлан хамгаалахын салбарт суралцах зүйл бий” гэж Эдийн засгийн асуудал эрхэлсэн Европын комиссар Валдис Домбровскис мэдэгдлээ.
Орос-Украины дайн эхэлснээс хойш Европын Холбоо гишүүн орнууд нийт 235.9 тэрбум еврог Украинд тусламж болгон илгээснээс 3.8 тэрбум нь Оросын царцаагдсан хөрөнгөнөөс гаргасан мөнгө юм.
Одоо зээлийн Ukraine Support Loan хөтөлбөрийн хүрээнд нийт 90 тэрбум евро олгох бөгөөд энэ нь 2026-2027 онд Украины санхүүгийн хэрэгцээг хангахад зориулсан мөнгө ажээ.