Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ
ПАРИС, 2026 оны арваннэгдүгээр сарын 10 /Reuters/. Францын Засгийн газар амьжиргааны өртөг нэмэгдэж байгааг эсэргүүцсэн олон нийтийн жагсаал цуглаантай холбогдуулан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх хугацааг 2027 оны нэгдүгээр сараас 2026 оны 12 дугаар сар болгон наашлуулах шийдвэр гаргажээ. Тус улсын Ерөнхий сайд Себастьян Лекорню үйлдвэрчний эвлэлүүд, ажил олгогчдын холбоодын төлөөлөлтэй уулзсаныхаа дараа энэ тухай мэдэгдсэн байна.
Францын Хөдөлмөрийн сайд Жан-Пьер Фарандугийн мэдээлснээр, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1.6 хувиар нэмэгдүүлж, татвар болон бусад заавал төлөх шимтгэлийг хассаны дараах сарын цалинг 1 502 евро болгох аж. Ингэснээр одоогийн 1 478 еврогоос 24 еврогоор нэмэгдэнэ.
Францад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг инфляцын түвшинтэй уялдуулан жил бүрийн нэгдүгээр сарын 1-нээс нэмэгдүүлдэг. Харин энэ удаад нийгмийн бухимдлыг намжаах зорилгоор нэг сарын өмнө нэмэхээр шийдвэрлэжээ.
Сүүлийн хэдэн долоо хоногт Францад олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал үргэлжилж байна. Анх сургуулиудын санхүүжилтийг нэмэгдүүлэх шаардлагаар эхэлсэн жагсаал илүү өргөн хүрээг хамарсан эсэргүүцлийн хөдөлгөөн болон өргөжжээ.
Эсэргүүцлийн жагсаалын шинэ давлагаа эхэлсэнтэй холбогдуулан эрх баригчид 70 мянган цагдаа, жандармыг дайчилсан талаар өмнө нь мэдээлж байв. Жагсаалд оролцогчид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, боловсролын салбарын санхүүжилтийг нэмэгдүүлэхийг шаардсан байна.