Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

БЭЭЖИН, 2026 оны арваннэгдүгээр сарын 11 /Xinhua/. Уруулын будаг, гоо сайхны бүтээгдэхүүн худалдаалдгаараа танигдсан нэгэн шууд дамжуулалтын суваг энэ жилийн “Ганц биечүүдийн өдөр”-өөр хэрэглэгчдэдээ огт өөр зүйл буюу хиймэл оюунд суурилсан үйлчилгээг санал болгожээ.
"Уруулын будгийн хаан" хэмээн алдаршсан Хятадын цахим худалдааны нэгэн алдартай стример “Ганц биечүүдийн өдөр”-т зориулан хийсэн шууд дамжуулалтынхаа үеэр хиймэл оюунд суурилсан үйлчилгээ болох "QwenWork"-ийн нэг сарын эрхийг ердөө хагас цагийн дотор 100 мянган ширхгийг борлуулжээ. Нэг эрхийн урамшуулалт үнэ 0.01 юань буюу 0.0015 орчим ам.доллар байсан бөгөөд нийтдээ хоёр их наяд орчим токены (мэдрэлийн сүлжээнд ашигладаг өгөгдлийн нэгж) хэрэглээний эрх дагалдсан байна.
Энэхүү худалдаа нь Хятадын жил бүрийн худалдааны томоохон баярын хувьд нэгэн онцгой үйл явдал болжээ. Ийм хямдралтай эрх авснаар хэрэглэгчид өдөр тутмын ажилдаа хиймэл оюуны хэрэгсэл ашиглах боломжтой болсон байна. Шууд дамжуулалтын үеэр “Бүгдээрээ аваарай” хэмээх танил уриа “Гурав, хоёр, нэг, токеноо аваарай” гэсэн шинэ уриагаар солигджээ.
Тус шууд дамжуулалтын худалдаа нь хиймэл оюуны үйлчилгээг өргөн хэрэглээний цахим худалдааны платформуудад нэвтрүүлэх өргөн хүрээний ажлын нэг хэсэг болсон байна. Есдүгээр сарын 3-нд “Тяньмао” (Tmall) платформ дээр токен худалдан авах хэсэг нээгдсэнээс хойш “DeepSeek”, “Alibaba Cloud”, “Zhipu AI”, “Kimi” зэрэг хиймэл оюуны шийдэл хөгжүүлэгчид тус платформд нэгджээ. Мөн “MiniMax” анхны албан ёсны дэлгүүрээ нээсэн бол "QwenWork", "StepFun" үйлчилгээнүүд мөн уг платформд нэгдээд байна.
Энэ чиг хандлага энэ жилийн “Ганц биечүүдийн өдөр”-ийн худалдааны үеэр улам эрчээ авчээ. Аравдугаар сарын 20-нд худалдааны урамшуулал эхэлснээс хойш “Тяньмао” платформ дахь токены ангиллын борлуулалтын үнийн дүн өмнөх сарынхаас 450 хувиар өссөн гэж тус платформын төлөөлөгч мэдээлсэн байна.
Токен нь том хэлний загваруудын боловсруулсан өгөгдлийн хэмжээг хэмжих үндсэн нэгж бөгөөд хиймэл оюуны үйлчилгээ үзүүлэгчид хэрэглэгчийн зарцуулсан токены тоонд үндэслэн төлбөр тооцдог. Саяхныг хүртэл хэрэглэгчид хэрэглэсэн токены төлбөрийг хиймэл оюуны үйлчилгээ үзүүлэгчдийн өөрсдийнх нь системээр дамжуулан хийдэг байсан тул нэгж үнийн талаар мэдээлэл хомс, үйлчилгээний зардлыг хооронд нь харьцуулах боломж ч хязгаарлагдмал байжээ.
Харин токен болон хиймэл оюуны үйлчилгээний эрхийг цахим худалдааны платформоор дамжуулан худалдаалах болсон нь хэрэглэгчид эдгээр үйлчилгээг авах, төлбөр төлөх арга хэлбэрийг өөрчилж байна.