Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

БЕРЛИН, 2026 оны арваннэгдүгаар сарын 1 /Reuters/. Германы томоохон хотуудад боловсролын чанарыг сайжруулах, амьжиргааны өртгийг бууруулахыг шаардсан жагсаалд хэдэн арван мянган хүн оролцсоны дараа бямба гаргийн орой Франкфурт хотод нүүрээ халхалсан үймээн дэгдээгчид дэлгүүрүүдийг тонон дээрэмджээ.
Энэ онд Европын хэд хэдэн улсад Z үеийнхний төлөөллийн эсэргүүцлийн жагсаал өрнөсний дараа Германд жагсаал болж байна. Сербид оюутнуудын эхлүүлсэн тэмцлийн үр дүнд тус улсыг олон жил удирдсан удирдагчийг сонгуулиар огцруулахад хүргэсэн бол Францад болсон жагсаал цуглаан үймээн самуун, дээрэм тонуул болон хувирсан билээ.
Германд болсон жагсаалыг “Gen Z regelt” буюу “Z үеийнхэн өөрсдөө шийднэ” гэдэг нэртэй хөдөлгөөн зохион байгуулсан бөгөөд Берлин, Франкфурт, Мюнхен зэрэг 34 хотод болжээ. Тус хөдөлгөөн цэргийн албыг заавал хаах тогтолцоог эсэргүүцэж, боловсролын салбарт оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг шаардаж байгаа юм. Учир нь Германы олон залуу амьжиргааны өртөг нэмэгдэж буйтай холбоотойгоор санхүүгийн хүндрэлтэй тулгараад байгаа ажээ.
Германы санхүүгийн төв гэгддэг Франкфурт хотод жагсаалын үеэр нөхцөл байдал хурцдаж, наад зах нь хоёр дэлгүүрийг дээрэмдэж, хэд хэдэн дэлгүүрийн эд хөрөнгийг сүйтгэжээ. Цагдаа нар нөхцөл байдлыг хяналтад авахыг оролдож байсныг "Reuters" агентлагийн сурвалжлагч мэдээлсэн байна.
“Хүчирхийлэл дагуулсан эмх замбараагүй байдал үргэлжилж байна. Хотын төвийн хэд хэдэн дэлгүүрийн цонхыг хагалсан. Онцгой байдал, цагдаагийн алба хаагчид руу шатамхай бодис бүхий лонх шидэж байна. Иргэдийг хотын төвөөс хол байх, эсвэл тухайн бүсийг орхин явахыг уриалж байна” гэж Франкфурт хотын цагдаагийн газраас X нийгмийн сүлжээнд мэдээлжээ.
Бямба гаргийн үдээс хойших албан ёсны тоо баримтаас үзвэл, жагсаалд оролцогчдын тоо зохион байгуулагчдын анх тооцоолж байсан 182 мянгад хүрээгүй байна. Франкфурт, Мюнхен, Берлин хотын цагдаагийн байгууллагын мэдээлснээр, жагсагчдын тоо 18 мянга орчим байсан нь зохион байгуулагчдын цахим хуудсанд дурдсан 36 мянгаас хоёр дахин бага байна.
Германы эрх баригчид аравдугаар сарын 31-ний өдөр буюу Халлоуины баяртай давхацсан жагсаалууд ерөнхийдөө тайван болсон гэж мэдээлсэн хэдий ч хэт давруу үзэлтнүүдийн бүлэглэлүүд уг хөдөлгөөнийг өөрсдийн зорилгод ашиглахыг оролдож болзошгүйг анхааруулж байжээ.