Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Есөнбулаг, 2026 оны арванэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Тэмээн соёл, уламжлалт өвийг хамгаалах, тэмээний үүлдэр угсааг сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэх, тэмээний спорт, уралдааныг хөгжүүлэх зорилгоор “Говь-Алтай аймгийн тэмээн соёл, спорт уралдааны холбоо” байгууллаа.
Тус холбооны тэргүүнээр төр, нийгмийн зүтгэлтэн, “Их говийн тэмээний баяр” малчдын наадмыг 20 гаруй жил санаачлан зохион байгуулагч Ц.Дашдорж агсны хүү Д.Нарантэмүүжинг сонгожээ.
Д.Нарантэмүүжин нь хөдөө аж ахуй, эдийн засгийн мэргэжилтэй бөгөөд 2018 оноос эхлэн аавынхаа санаачилсан “Их говийн тэмээний баяр”-ыг үргэлжлүүлэн зохион байгуулж, аймаг болон баруун бүсийн хэмжээнд өргөжүүлэн хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаа юм.
Шинээр байгуулсан холбоо нь тэмээн соёл, уламжлалт өвийг хадгалан хамгаалах, тэмээний спорт, уралдааныг хөгжүүлэх, тэмээ уяачдын амжилтыг үнэлж алдаршуулах, малчид, тэмээчдийн хамтын ажиллагааг дэмжих, тэмээний ашиг шим, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах юм.
Түүнчлэн “Их говийн тэмээний баяр” зэрэг уламжлалт наадмыг өргөжүүлэн хөгжүүлж, тэмээн соёлыг үндэсний болон бүс нутгийн хэмжээнд сурталчлан таниулах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон хөгжүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах зорилт дэвшүүлсэн байна.