Ачаалж байна…
Ачаалж байна…
Montsame News Agency

Сайншанд, 2026 оны арваннэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайншанд сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг орон нутгийн төсвийн хөрөнгөөр “Ланд овнер” ХХК боловсруулсан бөгөөд хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг энэ оны арваннэгдүгээр сарын 11-нд хуралдсан сумын ИТХ-аар хэлэлцэн баталжээ. Өмнө нь сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж байсан ч хэрэгжих хугацаа нь дууссан тул шинээр дахин төлөвлөсөн байна.
Дээрх төлөвлөлтийг хийснээр Сайншанд хотын ирээдүйн хөгжлийг хүн амын суурьшил, дэд бүтцийн нөхцөлтэй холбон судалгаанд суурилж бодитоор гаргах боломжтой юм. Монгол Улсын Их хурлаас 2024 онд баталсан Хот тосгоны Эрхзүйн байдлын тухай хууль , УИХ-ын 72 дугаар тогтоолын дагуу Сайншанд сум орон нутгийн зэрэглэлтэй хот болон хөгжих эрх зүйн орчин бүрдсэн байна.
Сайншанд хотын ойролцоох газрын тосны үйлдвэр, уул уурхайн бусад баяжуулах үйлдвэрүүд, шинэ төмөр зам, Замын-Үүдийн чөлөөт бүс зэрэг уул уурхай, хөдөө аж ахуй, аялал жуулчлал болон үйлдвэр үйлчилгээний олон салбар ажиллаж үүнийг дагасан ажлын байр, шинэ суурьшлын бүс нэмэгдэж байгаа юм.
Тиймээс хүн амын суурьшил, өсөн нэмэгдэж буй хэрэгцээтэй уялдуулан хөгжлийн төлөвлөгөөг 2026-2031 он хүртэл хугацаагаар төлөвлөж газрын нэгдмэл сангийн зургаан ангиллын хүрээнд 252 арга хэмжээ, төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тусгажээ. Сайншанд суманд одоогийн байдлаар 28 мянга орчим хүн байнга оршин сууж байгаа бөгөөд 2031 он гэхэд 38 мянга орчим болж нэмэгдэх төлөвлөлтийг хийжээ.