Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ
СОФИ, 2006 оны арванэгдүгээр сарын 2 /BTA/. Ням гарагт болсон Болгарын ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтын дараах экзитпол буюу сонгогчдын дунд явуулсан санал асуулга болон зэрэгцүүлсэн тооллогын дүнгээр Илиана Йотова, түүний хамтрагч Кирил Вылчев нар, Андрей Гуров, Георги Кандев нарыг ялжээ. Санал хураалт дууссаны дараа хоёр тал хэвлэлийн хурал хийжээ. Түүнчлэн бусад улстөрч сонгуулийн үр дүнгийн талаар байр сууриа илэрхийлсэн байна.
И.Йотова, К.Вылчев нарын хийсэн хэвлэлийн хуралд “Дэвшилтэт Болгар” намын дарга, Ерөнхий сайд Румен Радев оролцжээ. “Намайг дэмжсэн "Дэвшилтэт Болгар" намд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Ноён Радев аа, таны дэмжлэггүйгээр бид амжилтад хүрч чадахгүй байсан” гэж И.Йотова Ерөнхий сайдад хандан хэлээд, нэр дэвшигчдийг нь дэмжсэн бүх намд талархал илэрхийлэв. Харин К.Вылчев өөрсдийнх нь төлөө саналаа өгсөн гадаадад амьдарч буй Болгарын иргэдэд талархал илэрхийлж, дэд ерөнхийлөгчийн хувиар тэдний эрх ашгийг нэн тэргүүнд анхаарахаа мэдэгджээ.
А.Гуров, Г.Кандев нар мөн санал хураалт дууссаны дараа хэвлэл мэдээллийнхэнд байр сууриа илэрхийлсэн байна. А.Гуров Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг “гэнэтийн байсан хэдий ч” хүлээн зөвшөөрч байгаагаа мэдэгджээ. Тэрбээр хэлэхдээ, тэдний төлөө саналаа өгсөн, мөн Болгарын хувьд шинэ зам бий гэдэгт итгэж байсан хүмүүсийн хувьд сонгуулийн үр дүн урам хугарам байсныг ойлгож буйгаа хэлсэн боловч сонгуулийн кампанит ажил талаар өнгөрөөгүй бөгөөд цаашид ажиллах бат бөх суурийг бий болгосон гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Харин Г.Кандев тэмцэл энэ сонгуулиар дуусахгүй гэдгийг онцолжээ.
И.Йотова, К.Вылчев нарыг дэмжсэн санаачилгын хороог хамтран даргалагчид болох Болгарын Социалист намын дарга Крум Зарков, профессор Христо Пимпирев нар мөн сонгуулийн үр дүнгийн талаар байр сууриа илэрхийллээ. К.Зарков Болгар улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхийлөгчтэй болж байгааг онцлоод, социалистууд энэхүү ялалтад хувь нэмэр оруулсандаа баяртай байгааг хэлсэн байна. Харин Х.Пимпирев Болгар улс Европын хамтын нийгэмлэгийн гишүүний хувьд бодлогын асуудалд нухацтай хандана гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.
Болгарын Ерөнхий сайд, “Дэвшилтэт Болгар” намын дарга Р.Радев И.Йотоваг ерөнхийлөгчийн албыг нэр төртэй хашна хэмээн мэдэгдээд "Бид арван жилийн турш хамтран ажиллаж, бие биеэ мэддэг болсон” гэж нэмж дурдсан байна.
Харин “Өөрчлөлтийг үргэлжлүүлье” намын дарга Ассен Василев сонгуулийн үр дүнг Засгийн газарт өгсөн “улаан карт” хэмээн тодорхойлжээ. Түүний үзэж буйгаар, Засгийн газар үнийн өсөлт, орлогын асуудал болон олигархуудын нөлөөлөлтэй тэмцэх чиглэлээр хангалттай ажиллаж чадаагүй байна. Мөн сонгуулийн кампанит ажил иргэдийг санал хураалтад хангалттай татан оролцуулж чадаагүй бөгөөд сонгогчдын ирц 30 орчим хувьтай байсан нь Болгарын сонгуулийн түүхэн дэх хамгийн доогуур үзүүлэлтүүдийн нэг болсныг тэрбээр дурджээ.
“Дэвшилтэт Болгар” намын парламент дахь бүлгийн дарга Петар Витанов мэдэгдэхдээ “Даваа гаргаас эхлэн Болгар илүү тогтвортой, тайван болно” гэжээ. Тэрбээр сонгогчдын ирц бараг гуравны нэгээр нэмэгдсэнийг урьд өмнө байгаагүй үзүүлэлт хэмээн тодорхойлсон байна. Сонгуулийн кампанит ажил сонгогчдыг идэвхжүүлж чадсан бөгөөд хоёр дахь шатны санал хураалтаар сонгогдсон Ерөнхийлөгчийг бүрэн хууль ёсны гэж үзэх хангалттай үндэслэл бий гэж П.Витанов хэлжээ Тус намын парламентын гишүүн Димитар Здравков сонгуулийн үр дүнг урьдчилан таамаглаж байсан дүн хэмээн мэдэгдсэн байна.
“Сэргэн мандалт” намын дарга Костадин Костадинов сонгуулийн эцсийн үр дүнд тус намыг дэмжигч сонгогчид шийдвэрлэх нөлөө үзүүлсэн гэж мэдэгджээ. “Өнөөдрийн сонгуулиас хийж болох гол дүгнэлт бол энэ. "Сэргэн мандалт" нам Болгарын улс төрд үл тоомсорлохын аргагүй хүчин болж чадсан. Үүнийг харгалзан үзэхгүй байгаа хэн боловч "Өөрчлөлтийг үргэлжлүүлье", "Ардчилсан Болгар", "ГЕРБ", "Эрх, эрх чөлөөний төлөөх хөдөлгөөн" болон улс төрийн бусад хэд хэдэн жижиг намын дэмжлэгийг авсан ч сонгуульд ялагдана” гэж Костадинов Facebook нийгмийн сүлжээний хуудсандаа бичсэн байна.