Ачаалж байна…
Ачаалж байна…
Munkhzul Batsukh
muknzul.b@gmail.com

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг, их зохиолч, соён гэгээрүүлэгч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ой өнөөдөр тохиож байгаатай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын Зохиолчдын Эвлэл, Шинжлэх Ухааны Академийн Хэл шинжлэлийн хүрээлэн болон түүний төрсөн нутаг Төв аймгийн төлөөлөл, зохиолчид тэргүүтэн хөшөөнд нь цэцэг өргөж, хүндэтгэл илэрхийллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх, Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Сэргэлэн ярихдаа, “Энэ жил монголчууд их зохиолч Д.Нацагдоржийнхоо 120 жилийн ойг тохиолдуулан соёл, урлаг, соён гэгээрэл, хүмүүнлэгийн чиглэлээр олон талт үйл ажиллагаа зохион байгуулж байна. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Мөнх тэнгэрийн бичиг” монгол бичгийн уран бичлэгийн уралдааныг их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит болгон амжилттай зохион байгууллаа. Мөн их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит УДЭТ эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, Монголын тайзны урлагийн цаашдын хөгжил, ирээдүйн чиг хандлага, хөгжлийн гарцын талаар хэлэлцэн, тодорхой санал, санаачилга дэвшүүлснээрээ онцлог болов. Түүнчлэн өнгөрсөн хавар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй ХБНГУ-ын Элчин сайдын яамтай хамтран “Нацагдорж ба түүний нөхөд” соёл, урлагийн долоо хоногийг амжилттай зохион байгуулсан. Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгч ХБНГУ-д төрийн айлчлал хийсэн. Энэхүү айлчлалын чухал агуулгын нэг нь Монгол Улсын сэхээтнүүдийг 100 жилийн өмнөөс Өрнөдийн орнуудад сургаж, бэлтгэж эхэлсний түүхэн ойг тэмдэглэн, Монгол, Германы боловсрол, шинжлэх ухаан, соёлын харилцааны түүхэн уламжлалыг цаашид өргөжүүлэх явдал байлаа. Энэ хүрээнд их зохиолч Д.Нацагдоржийн суралцаж байсан Лейпцигийн их сургуулийн хананд түүний болон багш Э.Хэнишийн хөргийг хүрлээр цутган байрлуулах хүндэтгэлийн үйл ажиллагаа болсон. Энэ бол зуун жилийн өмнө эхэлсэн өрнөдийн соёл боловсролын нөлөө Монголд түгэн дэлгэрч, монголчууд түүнээс суралцахын зэрэгцээ өөрсдийн мэдлэг, туршлагаа хуваалцаж, хамтарсан судалгаа шинжилгээ хийж ирсэн түүхэн харилцааг шинэ зуунд үргэлжлүүлэх бэлгэдэл болсон сайхан үйл явдал юм” гэв.
Харин Монголын Зохиолчдын Эвлэлийн дарга, дэд профессор, хэл бичгийн ухааны доктор Д.Нямдорж, “Өнөөдөр бол их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсэн түүхэн тэмдэглэлт өдөр. Ойн хүрээнд Монгол Улсын Засгийн газрын тогтоол гарч, ССАЖЗ-ын сайдын тушаалаар ажлын хэсэг байгуулж, олон үйл ажиллагаа зохион байгуулж байна. Монголын Зохиолчдын Эвлэлээс энэ ойн хүрээнд анх удаа Д.Нацагдоржийн нэрэмжит хүүхдийн зохиолын улсын уралдааныг зохион байгууллаа. Мөн “Чингис хаан” үндэсний музейтэй хамтран “Их бичгийн хүмүүн Нацагдорж” сэдэвт түр үзэсгэлэнг зохион байгуулж, их зохиолчийн амьдрал, уран бүтээлийг олон нийтэд сурталчлав. Түүнчлэн төрийн болон төрийн бус байгууллага, нутгийн зөвлөлийн дэмжлэгтэйгээр их зохиолчийн 120 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулсан. Цаашид уламжлалт “Болор цом”, “Утгын чимэг” наадмуудаа мөн их зохиолчийнхоо 120 жилийн ойн хүрээнд зохион байгуулах юм. Монголын Зохиолчдын Эвлэлээс энэхүү ойн жилд хэрэгжүүлэхээр зорьж буй хамгийн том, урт хугацааны ач холбогдолтой ажлын нэг бол Д.Нацагдоржийн музейг сэргээн засварлаж, үйл ажиллагааг нь сэргээх явдал юм. Их зохиолчийн 60 насны ойгоор ашиглалтад оруулж байсан тус музейг сэргээн засварлах ажлыг бид энэ жилээс эрчимжүүлж, зураг төслийг нь боловсруулан холбогдох яаманд хүргүүлсэн. Энэ ажилд төрийн болон төрийн бус байгууллагууд анхаарал хандуулж эхэлсэнд бид баяртай байна. Тиймээс их зохиолчийн мэндэлсний 120 жилийн ойн энэ түүхэн өдөр бид цаашдын ажлаа улам эрчимжүүлж, төрийн болон төрийн бус байгууллагууд, уншигч, зохиолч нөхөдтэйгөө хамтран их зохиолчийнхоо музейг сэргээн засварлаж, олон нийтэд нээх зорилтын төлөө тууштай ажиллах болно” хэмээн ярилаа.
Их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөх ёслолын үеэр Монголын үндэсний олон нийтийн радиогийн дэргэдэх “Улаан бүч” чуулгын найрал дуучид их зохиолчийн зохиосон “Пионерын дуу”-г дуулж, Монголын шилдэг өгүүлэгчдийн нэг, дуун хөрвүүлэгч, гавьяат жүжигчин Ө.Наранбаатар “Хуучин хүү” өгүүллэгийг нь сонордуулснаас гадна “Учиртай гурван толгой” дуурийн хэсгээс цугласан олны сонорыг мялаалаа. Их зохиолчийн мэндэлсний 120 жилийн ойн хүрээнд Төв аймгийн Засаг даргын Тамгын газраас түүний төрсөн газар болох Баяндэлгэр суман дахь буурийг нь сэргээн засварлаж удахгүй нээх гэж байгаагаа мэдэгдэв.