Ачаалж байна…
Ачаалж байна…
Garmaa Baatar
b.garmaa@montsame.gov.mn

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын сарын 17 /МОНЦАМЭ/. Хүмүүс намайг гурван ихрийн нэг гэдгийг мэдээд хамгийн түрүүнд “Хэн нь хамгийн том нь вэ?” гэж асуудаг. Энэ асуултыг би бараг л хүн бүрээс сонсдог болсон.
Гурван ихэр байх нь миний хувьд үнэхээр том аз. Би хэзээ ч ганцаардсан мэдрэмж авдаггүй. Хоёр эгч минь намайг үргэлж бусдаас өмөөрч, хамгаалдаг. Надад хоёр хамгаалах бамбай байдаг юм шиг санагддаг. Хэцүү зүйл тохиолдоход хамгийн ойр байгаа эгчдээ л түрүүлж хэлнэ. Тэд маань заримдаа “Зүгээр л орхичих” гэнэ, эсвэл тухайн асуудалд тохирсон зөвлөгөө өгдөг.
Гэхдээ бид гурав яг адилхан биш. Зан аашаараа ч, бодол санаагаараа ч их ялгаатай. Оюунбаяр их тайван, уужуу. Ариунбаяр бол шулуун шударга зантай. Харин би сандруу, сэргэлэн, дотно хүмүүсийнхээ дэргэд бол маш илэн далангүй, яриа ихтэй.
Хүмүүс биднийг хоорондоо адилхан гэж бодоод, ялгааг маань мэдэхээрээ их гайхдаг. Тэгэхэд нь “Юу вэ, бид гурав хоорондоо ялгаатай шүү дээ” гэж хэлмээр санагддаг юм. Заримдаа хүмүүс биднийг харьцуулна. Тэр үед “Бид гурав өөрсдийгөө хооронд нь харьцуулдаггүй байхад энэ хүн яагаад харьцуулаад байгаа юм бол” гэж бодогддог.
Би өөрийгөө хоёр эгчээсээ зан ааш, бас зарим чадвараараа ялгаатай гэж боддог. Жишээ нь, хулсан үзгээр бичихдээ сайн. Хүмүүс намайг их зантай, ааштай гэж боддог байх. Гэхдээ дотно хүмүүсийнхээ хажууд бол би үнэхээр өөр хүн шиг л болчихдог. Яриа ихтэй, сэргэлэн, цовоо.
Гурван ихэр байхын сайхан тал олон ч заримдаа өөрийн гэсэн орон зайг хүсэх үе байдаг. Бүр бүтэн өдөр ганцаараа баймаар санагдах нь ч бий. Гэхдээ энэ нь хоёр эгчдээ дургүй гэсэн үг огт биш. Зүгээр л заримдаа өөрийнхөөрөө, өөртэйгөө байхыг хүсдэг хэрэг.
Одоо би есдүгээр ангид сурдаг. Энэ нас бол ирээдүйн өөрийгөө бүтээж эхлэх хамгийн чухал үе. Би ирээдүйд сонгосон мэргэжлээ чадварлаг эзэмшсэн, хүн чанартай, бусдыг гэсэн сэтгэлтэй эмэгтэй болохыг хүсдэг. Зөвхөн өөрийнхөө төлөө бус, бусдад ч үнэ цэн бүтээдэг хүн байхыг хүсэж байна. Бас гэр бүл, хайртай дотнын хүмүүсийнхээ бахархал, түшиг тулгуур нь болохыг мөрөөддөг.
Бид гурав нэг өдөр төрж, нэгэн ижил дурсамжийг хуваалцдаг ч ирээдүйд өөр өөрийн замаар алхана. Магадгүй өөр өөр газар амьдарч, өөр өөр ажил мэргэжилтэй болох ч нэг нэгэндээ үргэлж түшиг болж үлдэнэ гэдэгт итгэдэг. Биднийг холбож үлдэх зүйл нь ижил төрх бус, хамтдаа өнгөрүүлсэн дурсамж, бие биедээ өгдөг түшиг тулгуур, хаана ч явсан нэг нэгнээ гэх сэтгэл байх болов уу.