Ачаалж байна…
Ачаалж байна…
Дэлгэрцэцэг Дээгий
galt.deegii@gmail.com

Даланзадгад, 2026 оны арваннэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Даланзадгад-Баяндалай-Гурвантэс чиглэлийн 301.4 км урт А33 дугаартай авто замыг орон нутгийн эзэмшилд шилжүүлж, ашиглалт, засвар арчлалтыг хариуцах гэрээг Зам, тээврийн яам болон Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар байгууллаа.
Тус авто замыг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар үе шаттайгаар барьж байгуулсан бөгөөд улсын чанартай авто замын ангилалд шилжүүлсний дараа засвар, арчлалтын ажлыг Зам, тээврийн яамнаас гэрээ байгуулсан “Авто замын машин, механизм” ХХК хариуцан ажиллаж байв.
Харин орон нутгийн эзэмшилд шилжүүлснээр замын хэвийн ашиглалт, хамгаалалт, засвар арчлалтын ажлыг өөрийн төсөв, төлөвлөлтөд үндэслэн зохион байгуулах боломж бүрдэж байна.
Зам, тээврийн яам, Зам, тээврийн хөгжлийн төв, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар болон зам засвар, арчлалт хариуцсан компанийн төлөөллөөс бүрдсэн ажлын баг авто замын нөхцөл байдалтай танилцаж, холбогдох баримт бичиг, актаар хүлээлцжээ.
Өмнөговь аймаг алслагдсан сумдаа хатуу хучилттай авто замаар холбох бүтээн байгуулалтыг орон нутгийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлж ирсэн. Тухайлбал, Даланзадгад-Баяндалай-Гурвантэс чиглэлийн авто зам нь аймгийн баруун бүсийн сумдын зорчих хөдөлгөөн, эдийн засаг, худалдаа, аялал жуулчлалын харилцааг дэмжих ач холбогдолтой дэд бүтцийн бүтээн байгуулалт юм.
Цаашид замын ашиглалт, хамгаалалтыг сайжруулах, эвдрэл гэмтлийг тухай бүр засварлах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр шаардлагатай ажлыг үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Авто замын засвар, арчлалтыг орон нутгийн түвшинд шуурхай зохион байгуулах нь иргэдийн аюулгүй, ая тухтай зорчих нөхцөлийг сайжруулахаас гадна алслагдсан сумдын хүртээмж, бүс нутгийн эдийн засгийн идэвхийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.