Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Жаргалант, 2026 оны аравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн орон нутгийн чанартай авто зам дагуух зогсоолын хог хаягдлыг “Ховд эрч хүч тохижилт үйлчилгээ” ОНӨХХК-ийн ажилтнууд энэ сарын 27-нд цэвэрлэжээ.
Тус аймгийн ИТХ, Дэлхийн байгаль хамгаалах сангаас авто зам дагуух зогсоолын бохирдлыг бууруулах, иргэдийн хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор “Хоггүй зогсоол” аян өрнүүлж байна.
Аяны хүрээнд Ховд аймгийн төвөөс Манхан сум чиглэлийн авто замын 50 дахь километрт байдаг зогсоолыг тохижуулж, монгол бөхөн болон бусад зэрлэг амьтныг дурандах зориулалттай дуран суурилуулжээ. Гэвч уг зогсоолд Ховд, Баян-Өлгий аймаг болон Улаанбаатар хотын чиглэлд зорчиж буй иргэд, жолооч нар хог ихээр үлдээдэг байна.
Иймээс иргэд, жолооч, тээврийн үйлчилгээ эрхлэгчдийг авто зам дагуух зогсоол болон нийтийн эзэмшлийн талбайд хог хаяхгүй байхыг уриалж, ил задгай хог хаяж буй зөрчлийн талаар холбогдох байгууллага, экологийн цагдаагийн албанд мэдээлэхийг зөвлөлөө.
Аяны хүрээнд иргэдэд чиглэсэн сурталчилгааг 11 дүгээр сарын 15-ныг хүртэл эрчимжүүлэхээр төлөвлөсөн байна.