Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Жаргалант, 2026 оны арваннэгдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк, Европын Холбоо, Европын хөрөнгө оруулалтын банк болон Уур амьсгалын ногоон сан хамтран “Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр” (ASDIP)-ийн эхний үе шатыг баруун бүсийн Ховд, Увс, Баян-Өлгий аймагт хэрэгжүүлж байна.
Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү, Азийн хөгжлийн банкны Суурин төлөөлөгч Жонг Жүхён тэргүүтэй албаны төлөөлөл өнгөрсөн долоо хоногт Ховд аймгийн удирдах ажилтнуудтай уулзаж, төслийн хүрээнд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын ажлын бэлтгэл, орон нутагт тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцжээ.
Мөн төслийн хүрээнд бүтээн байгуулалт хийх байршилтай танилцаж, одоо ашиглаж буй барилга байгууламж, дэд бүтцийн нөхцөл байдалд газар дээр нь үнэлгээ хийжээ.
ASDIP төслийн хүрээнд цаашид Ховд аймагт цэвэрлэх байгууламж шинээр барих, дулааны шугам сүлжээ, дулаан дамжуулах төв байгуулах, үерийн хамгаалалтын барилга байгууламж барих, Бичигт, Баатархайрхан багийн авто замын ажил зэргийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Мөн барилгын дулаан тусгаарлалтыг сайжруулах, төвлөрсөн хогийн цэгийн ландфилл цогцолбор байгуулах, гэр хорооллын холбооны шугам сүлжээг шинэчлэх, “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн ариутгах татуургын шугам сүлжээг байгуулах, цахилгаан хангамжийг шинэчлэхээр төлөвлөжээ.
Ховд аймагт дэд бүтцийн эдгээр бүтээн байгуулалтын ажилд 100 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээс гадна хөдөө аж ахуй, бэлчээрийн менежментийг сайжруулах чиглэлд 40 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, Бүсийн ногоон, хүртээмжтэй хөдөө, аж ахуйн бизнесийн сан /GIRAF/-гаар дамжуулан малчид хоршоо, аж ахуйн нэгжүүдэд зээл олгохоор төлөвлөж байгаа гэдгийг Ховд аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.
Энэ нь Ховд аймгийн инженерийн дэд бүтцийн хүртээмж, найдвартай ажиллагааг сайжруулах, байгаль орчинд ээлтэй ногоон хөгжлийг дэмжих, малчид, иргэдийн амьдрах орчныг сайжруулах, хоршоо, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжиж тэдний орлогыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна
Улс төр
Индонезын дэд ерөнхийлөгч боловсролын гэрчилгээтэй холбоотой дуулианы улмаас огцрох хүсэлтээ гаргажээ
ХОВД
ХОВД: Сүүлийн хоёр жилд 125 мянга гаруй мод тарьж, 168 га талбайд татмын ойжуулалт хийжээ