Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Жаргалант, 2026 оны арваннэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Монгол бахархлын өдөр болон Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласан өдрийг угтан Ховд аймагт “Эх оронч монгол хүүхэд” аян зохион байгуулна.
Тус аян энэ сарын 8-30-ны өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд аймгийн бүх цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийг хамруулах юм.
Аяны зорилго нь хүүхэд, өсвөр үеийнхэнд эх оронч үзэл, сэтгэлгээ, үндэсний бахархлыг төлөвшүүлэх, Чингис хааны гавьяа болон Монгол Улсын түүх, соёл, өв уламжлалыг сурталчлан таниулахад чиглэж байна.
Энэ хүрээнд сургууль, цэцэрлэгүүд тусгай төлөвлөгөө гарган, сургалтын хөтөлбөр, өдөр тутмын үйл ажиллагаандаа үндэсний өв соёл, түүх, уламжлалыг таниулах агуулгыг тусгаж, сургалт, бүтээлч үйл ажиллагаа өрнүүлэх ажээ.
Тухайн байгууллагуудын хэрэгжүүлсэн үйл ажиллагааг таван үндсэн шалгуур үзүүлэлтээр үнэлж, шилдгүүдийг шалгаруулан урамшуулах юм..
Аяныг Ховд аймгийн ЗДТГ, Боловсролын газар, Жаргалант сумын хоёрдугаар сургууль хамтран зохион байгуулж байна.
Энэхүү аяныг аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан бөгөөд уламжлалт ёс заншлаа дээдэлдэг, эх орныхоо байгаль, түүх, үндэсний хэл соёлоор бахархдаг өөртөө итгэлтэй, ёс зүйтэй, бүтээлч иргэнийг төлөвшүүлэхийг чухалчилжээ.
Мөн шинэчилсэн сургалтын хөтөлбөрийн үзэл баримтлалд "Бүх шатны боловсролын сургалтын хөтөлбөр, агуулга, арга зүйд монгол хэл, түүх соёл, үндэсний өв уламжлал, зан заншил, эх оронч сэтгэлгээ, хувь хүний хөгжил, төлөвшил, хос хэл, хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлийг тусган хэрэгжүүлэх замаар сургалтын чанар, үр нөлөөг сайжруулах" гэж тусгасан байдаг. Үүнтэй аяны зорилго, чиглэл уялдаж байгааг албаныхан онцоллоо.
Энэ хичээлийн жилд Ховд аймгийн ерөнхий боловсролын 25 сургуульд 22 мянга гаруй сурагч, 40 цэцэрлэгт 6800 гаруй хүүхэд суралцаж байна.
Ташрамд, 2026 оны 11 дүгээр сарын 10-нд “Монгол бахархлын өдөр" тохиох бол 11 дүгээр сарын 26-нд “Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласан өдөр" тохионо.