Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Жаргалант, 2026 оны арваннэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Үндэсний өв соёл, түүх, уламжлалаа хүүхэд, өсвөр үеийнхэнд таниулах зорилготой “Монгол бахархал – Бүтээлч сар” аян Ховд аймагт үргэлжилж байна.
Аянаар Ховд аймгийн Нийтийн номын сангаас үндэсний бичиг, соёлын өв, Монгол Улсын төрийн бэлгэ тэмдэг, түүхэн хүмүүс, тусгаар тогтнолын талаар танин мэдэхүйн мэдээлэл түгээх зорилт дэвшүүлжээ.
Энэ долоо хоногт “Монгол бахархал” сэдвийн хүрээнд уран бичлэг болон монгол бичгийн анхан шатны сургалт зохион байгуулж байна. Энэ нь хүүхэд багачуудын үндэсний бичиг, соёлыг сонирхон судлах хүсэл эрмэлзлийг нэмэгдүүлэх, өв соёлоо өвлөн уламжлахад чухал ач холбогдолтой юм.
Мөн Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан С.Дэжид өчигдөр ерөнхий боловсролын сургуулийн сурагчидтай уулзаж, монголчуудын уламжлалт ахуй, нүүдлийн соёл, байгаль дэлхийтэйгээ зохицон амьдрах ухааны талаар ярилцжээ.
Түүнчлэн Ганданпунцогчойлин хийдийн зурхайч лам, хэл бичгийн ухааны магистр Т.Сэргэлэн хүүхдүүдэд үндэсний бичиг, соёлын өвийн талаар танилцуулж, монгол бичгээ сурч эзэмшихийн ач холбогдлыг тайлбарласан байна.
Үүнээс гадна Монгол Улсын төрийн далбаа, төрийн дууллын утга учир, бэлгэдэл, зөв хэрэглээ, хүндэтгэн дээдлэх ёсыг таниулах нөлөөллийн ажлыг эхлүүлж, үндэсний бичгээр хэвлэгдсэн ном, судар болон өв соёлын бүтээлүүдээр үзэсгэлэн гаргалаа.
“Монгол бахархал-Бүтээлч сар” аян энэ сарын турш тусгай хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу үргэлжлэх бөгөөд хүүхэд, өсвөр үеийнхэнд үндэсний өв соёл, түүх, тусгаар тогтнолын үнэ цэнийг таниулан, эх оронч үзэл, үндэсний бахархлыг төлөвшүүлэхэд чиглэж байна.
