Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Мөрөн, 2026 оны арваннэгдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт янгир ямаа уулархаг бартаат газар нутагладаг ба сүүлийн жилүүдэд байгаль хамгаалах төслийн хүрээнд зориудаар нутагшуулан өсгөж байна.
Тус аймгийн Жаргалант сумын Их Жаргалант ууланд 2023 онд 10 янгир, 2024 онд 15 янгирыг Богд хан уулнаас сэргээн нутагшуулсан.
Энэ удаа Агнуур судлалын нийгэмлэг ТББ, ХААИС хамтран Баянхонгор аймгийн Баянбулаг сумаас 3 толгой янгир авч ирж популяци үүсгэлээ. Популяци гэдэг нь нэг зүйлийн бүлэг бодгаль тодорхой орон зай, газар нутагт шилжин суурьшиж, тэндээ дасан зохицож, нөхөн үржихүйн замаар тоо толгойгоо тогтвортой хадгалах үйл явцыг хэлдэг.
Нутагшуулсан янгирын сүрэг өсөн нэмэгдсээр 38 толгой болсон бөгөөд өнгөрсөн хавар ихэр ишиг гарсан байсан гэдгийг нутгийн иргэд хэллээ. .

Тус аймагт 2020 онд хийсэн нэн ховор амьтны тархац нөөцийн судалгаагаар Улаан-уул, Хорьдол сарьдгийн нурууны дагуу 400 орчим янгир байна гэж судалжээ.
Монгол орны Монгол Алтай, Говь-Алтай, Зүүн гар, Алтайн өвөр говиудын уулс, Хан-хөхий, Хорьдол Сарьдаг, Улаан тайгын нуруу, Дундговь, Дорноговь аймгийн цөл, цөлөрхөг хээрийн бүсийн зарим уулсаар янгир алаг цоог тархсан байдаг.
Янгир ихэвчлэн бэсрэг уулсын бэл энгэр, аараг толгод, өндөр уулын эгц цавчим хад цохио, нуранги асга бүхий давчхан хавцал, ой модгүй, бартаа саадгүй газарт байршин нутагладаг юм байна.

Янгир бол цоохор ирвэсийн гол идэш тэжээлийн нэг. Иймээс янгирын популяцыг хамгаалж, генетик олон янз байдлыг нь хадгалах нь ирвэсийн идэш тэжээлийн суурь, уулын экосистемийн эрүүл байдлыг хамгаалахтай шууд холбоотой юм.
Ирвэсийг хамгаалахын тулд зөвхөн ирвэсийг бус, түүний амьдрах орчин, идэш тэжээл, байгалийн харилцан хамаарлыг бүхэлд нь хамгаалах ёстой байдаг ажээ.


